Хошин урлаг, драмын жүжиг, уран сайхны киноны олон дүрээр үзэгчдэд танигдсан “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Г.Алтаншагайн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Хэнтий аймгийн уугуул тэрбээр мэргэжлийн театрын тайзнаас дэлгэцийн урлаг хүртэл уран бүтээлийн өргөн замналыг туулжээ.
Г.Алтаншагай Соёл урлагийн их сургуульд Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Ганхуяг, Гавьяат жүжигчин Л.Чаминчулуун нарын удирдлага дор жүжигчний мэргэжил эзэмшсэн байна.
Тэрбээр уран бүтээлийн гараагаа “Шинэ үе” продакшнаас эхлүүлж, улмаар Улсын драмын эрдмийн театрт ажиллаж байв. Өдгөө “Мөрөөдлийн театр”-ын уран бүтээлчдийн бүрэлдэхүүнд ажиллаж, хошин болон драмын төрлөөр бүтээл туурвиж байна.
Хошин урлагаас драмын жүжиг хүртэл
Г.Алтаншагай “Мөрөөдлийн театр”-ын хамт олонтойгоо 20 гаруй хошин шоу тоглолт, уран сайхны кино, драмын жүжгийг үзэгчдэд хүргэжээ.
Түүний театрын онцлох бүтээлүүдэд:
- А.Вампиловын “Ууган хүү” жүжгээс сэдэвлэсэн “Миний нууц хүү”
- Ц.Балдоржийн “Шөнө амталсан нулимс” зохиолоос сэдэвлэсэн “Шөнө буусан аадар”
- “Тод хувцастай эмэгтэй”
- “SAMSARA – Тэртээх хоёр зүрх” зэрэг жүжиг багтдаг.
Дэлгэцийн уран бүтээлийн хувьд “Ийм нэгэн дурлал”, “Хархны өгөөш”, “Аравт”, “Сайн, муу, хэрцгий”, “Ээжийн дайсан”, “Хар сувдны нууц”, “Одод болох хүслэн”, “Биелэгдэшгүй төлөвлөгөө”, “Өндгөн толгойт”, “Онцгой даалгавар”, “Гайхамшигт ертөнц”, “Охиндоо өргөсөн тангараг” зэрэг кинонд дүр бүтээжээ. Тэдгээрээс “Ээжийн дайсан”, “Одод болохын хүслэн” киног “Мөрөөдлийн театр”-ын хамт олонтойгоо бүтээсэн юм.
Аавдаа зориулсан бүтээлээрээ олон улсын наадмаас шагнал хүртжээ
Г.Алтаншагайн уран бүтээлийн замналд онцгой байр суурь эзлэх бүтээлүүдийн нэг нь 2024 онд бүтээсэн “Эцэг” кино юм. Тэрбээр талийгаач аавынхаа гэгээн дурсгалд зориулсан уг киног “Orange” энтертайнмент, “Nomadia” пикчерстэй хамтран бүтээж, БНХАУ-д болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын (ШХАБ) гишүүн орнуудын олон улсын кино наадмаас шагнал хүртсэн байна.
Харин хамгийн сүүлд “Оранж” энтертайнментийн “Хараал хүрсэн хот” олон ангит кино болон “Ханхуур” пикчерсийн “Овгор” уран сайхны киногоор үзэгчидтэй уулзжээ.
Г.Алтаншагайн уран бүтээлийн замналаас харахад түүнийг зөвхөн хошин урлагийн жүжигчнээр тодорхойлох нь өрөөсгөл юм. Драмын тайз, түүхэн кино, хүний сэтгэл зүй, гэр бүлийн харилцааг хөндсөн бүтээлүүдэд ажилласан нь түүний мэргэжлийн цар хүрээ, өөр өөр төрлийн дүрд ажиллах чадварыг илтгэнэ.
