АНУ, ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүн нар дэлхийн улс төр, эдийн засгийн асуудлаар анх удаа гурван талын уулзалт хийж, хамтын ажиллагааны шинэ хэлбэрийг эрэлхийллээ. БНХАУ-ын Шэньжэн хотод болсон Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны (АПЕК) дээд хэмжээний уулзалтын хүрээнд Дональд Трамп, Владимир Путин, Ши Жиньпин нар уулзаж, “Энх тайвны тунхаглал” гаргаснаа зарлав.
Гэвч гурван удирдагч уулзалтыг амжилттай болсон хэмээн үнэлсэн ч ямар бодит тохиролцоонд хүрсэн нь тодорхойгүй байна. Харин Европын удирдагчид болон АНУ-ын зарим улс төрч уг уулзалтад шүүмжлэлтэй ханджээ.
Тунхаглалд Украин, Ираны асуудлыг тусгасангүй
Гурван улсын хамтран гаргасан “Энх тайвны тунхаглал”-д НҮБ-ын шинэчлэл, Олон улсын эрүүгийн шүүхийн асуудлыг онцолсон боловч Украин, Ираны талаар дурдаагүй байна.
Уулзалтын үеэр удирдагчид олон улсын хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлүүдийн талаар өөр өөр байр суурь илэрхийлжээ.
- Ши Жиньпин дэлхий дахинд энх тайван тогтооход гурван улс хамтран ажиллаж, үлгэр жишээ үзүүлэх хариуцлага хүлээж байгааг онцлов.
- Владимир Путин дэлхийн эдийн засаг, хүнс, эрчим хүчний аюулгүй байдлын асуудлыг хэлэлцэхийг уриалав.
- Дональд Трамп цөмийн зэвсгийг хязгаарлах чиглэлээр гурван улс хамтран ажиллах шаардлагатайг тэмдэглэв.

Ши Жиньпин уулзалтыг нээж хэлсэн үгэндээ “Манай гурван улс дэлхий дахинд энх тайван тогтоох их үйлсэд хамтран ажиллаж, үлгэр жишээ болох ёстой. Бидэнд маш их хариуцлага оногдож байна” хэмээн мэдэгджээ.
Өндөр үнэлгээ өгсөн ч бодит үр дүн тодорхойгүй байна
Уулзалтын дараа гурван улсын удирдагчид хэлэлцээний уур амьсгал, үр дүнг эерэгээр үнэлсэн байна.
Ши Жиньпин үүнийг “Өөдрөг, бүтээлч, амжилттай уулзалт” хэмээн тодорхойлсон бол Владимир Путин “Хятадын удирдагч сайхан уур амьсгал бүрдүүлсний ачаар харилцан ашиг сонирхолтой хэд хэдэн чухал сэдвээр чөлөөтэй санал солилцож чадлаа” гэж мэдэгджээ. Дональд Трамп харин “12 онооноос 10 оноо өгнө” хэмээн уулзалтыг дүгнэсэн байна.
Удирдагчдын өөдрөг мэдэгдлүүдийг үл харгалзан олон улсын тулгамдсан асуудлуудаар ямар тодорхой шийдэлд хүрсэн нь тодорхойгүй хэвээр байна. Гэхдээ Шэньжэний уулзалтыг Вашингтон, Москва, Бээжин дэлхий нийтийн асуудлыг гурван талын хэлэлцээгээр шийдвэрлэх механизм бүрдүүлэх эхний оролдлого гэж үзэж болох юм.
Европт Ялтын уулзалтын тухай болгоомжлол төрүүлэв
Гурван их гүрний удирдагчдын уулзалт Европын улс төрийн хүрээнд болгоомжлол, шүүмжлэл дагууллаа.
Германы канцлер Фридрих Мерц уг уулзалтыг дэлхийн дэг журмыг их гүрнүүдийн оролцоотойгоор тодорхойлж байсан түүхэн үйл явдалтай зүйрлэжээ.
Тэрбээр “Энэ бол олон жилийн өмнөх Ялтын уулзалттай ижил харагдаж байлаа. Зүгээр нэг гэрэл зураг авхуулсан юм биш үү” хэмээн шүүмжилсэн байна.
Дональд Трамп ОХУ, БНХАУ-ын удирдагчдыг найз хэмээн нэрлэсэн нь Европын зарим улсын удирдагчдын дургүйцлийг мөн төрүүлжээ.
Польшийн Ерөнхий сайд Дональд Туск энэ талаар “Ерөнхийлөгч Трамп Ерөнхийлөгч Путиныг найз гэж тооцдог байж болно. Тэглээ гээд “Миний найзын найз бол миний найз” гэсэн зарчим энд тохирохгүй” гэж мэдэгдсэн байна.
Вашингтонд ч Трампын байр суурийг эсэргүүцэв
АНУ-ын геополитикийн гол өрсөлдөгч хоёр улсын удирдагчийг найз хэмээн тодорхойлсон Трампын мэдэгдэл Америкийн улс төрчдийн дунд ч шүүмжлэл дагуулжээ. Бүгд найрамдах болон Ардчилсан намын төлөөлөгчид энэ асуудлаар байр сууриа илэрхийлсэн байна.
Бүгд найрамдах намын сенатор Жон Кертис “Владимир Путин, Ши Жиньпин хоёр бидний найз биш. Манай үнэт зүйл, ашиг сонирхлыг хүндэтгэдэг мэтээр тэдэнд хандаж болохгүй” хэмээн мэдэгджээ.
Харин Ардчилсан намын Жин Шахин Трампын найз хэмээн нэрлэсэн хүнийг “алуурчин, гэмт хэрэгтэн” гэж тодорхойлон, Ерөнхийлөгчийн байр суурийг эрс шүүмжилсэн байна.
Их гүрнүүдийн яриа хэлэлцээ шинэ дэг журмын эхлэл болох уу
Шэньжэний уулзалт АНУ, ОХУ, БНХАУ-ын хооронд гурван талт яриа хэлэлцээ өрнүүлэх боломж байгааг харуулсан ч дэлхийн улс төрийн шинэ тогтолцоо бүрэлдэж эхэлсэн гэж дүгнэхэд эрт байна.
Цөмийн зэвсгийн хязгаарлалт, эрчим хүч, хүнсний аюулгүй байдал, олон улсын байгууллагуудын шинэчлэл зэрэг асуудлаар их гүрнүүд хамтран ажиллах нь ач холбогдолтой. Гэвч олон улсын зөрчилдөөнийг шийдвэрлэхэд тухайн асуудалд шууд хамааралтай улс орнуудын оролцоо, ашиг сонирхлыг орхигдуулж болохгүй.
Шэньжэний уулзалтын жинхэнэ үнэ цэн удирдагчдын харилцан магтаал, хамтарсан тунхаглалаар бус, цаашид хэрэгжүүлэх тодорхой тохиролцоо, бодит үр дүнгээр хэмжигдэх учиртай.
