Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс Хүүхэлдэйн театртай хамтран “Ирээдүйг аварсан аялал” хүүхдийн жүжгийг бүтээжээ. Шинэ уран бүтээлийн нээлт 2026 оны арваннэгдүгээр сарын 13-нд болсон байна.
Хүүхэд, залуучуудын театрын зохиолч, найруулагч М.Ариунтуяагийн бичиж, найруулсан тус жүжиг нь хүүхэд багачуудад байгаль орчны бохирдол, хүний хариуцлагагүй үйлдлийн хор уршгийг ойлгуулах, үнэнч шударга зан чанарыг төлөвшүүлэх зорилготой юм.
Жүжгийн баатруудын адал явдлаар дамжуулан эх дэлхийгээ хайрлах, бусдыг хүндэтгэх, зөв сонголт хийх, өөрийн үйлдэлд хариуцлагатай хандах, шударга ёсны үнэ цэнийг эрхэмлэх үзлийг хүүхдүүдэд таниулжээ.
Нээлтийн арга хэмжээнд АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Б.Энхмэнд, Хүүхэлдэйн театрын захирал З.Баянзул нар үг хэлсэн байна.
Мөн Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, “Монголын сурагчдын холбоо” ТББ-ын төлөөлөл, Хүүхэлдэйн театрын ахмад уран бүтээлчид болон нийслэлийн ерөнхий боловсролын 45, 159 дүгээр сургуулийн сурагчид оролцжээ.
“Ирээдүйг аварсан аялал” жүжгийг нийт таван удаа үнэ төлбөргүй тоглож, 707 хүнд хүргэсэн байна.
