Британийн жүжигчин Роберт Паттинсон Жеймс Бондын дүрд албан ёсоор сонгогдлоо. 40 настай жүжигчнийг уг дүрд томилсон тухай 11 дүгээр сарын 16-ны өдөр тус кино цувралын нийгмийн сүлжээн дэх албан ёсны хуудсуудаар зарлаж, Дэниел Крейгийг хэн орлох бол гэсэн олон жилийн таамаглалд цэг тавьсан байна. Паттинсон шинэ дүрийнхээ талаар хэдийнэ сэтгэгдлээ хуваалцсан бөгөөд үүнийг бүх амьдралынх нь нэр төрийн хэрэг хэмээн нэрлэжээ.
Энэ тухай “BBC” болон “The Guardian” хэвлэлүүд мэдээлсэн бөгөөд уг мэдээллийг “Instagram” дахь Жеймс Бондын албан ёсны хаягууд ч баталгаажуулсан байна.
Роберт Паттинсоныг сонгосон тухай юу мэдэгдэж байна вэ?
007 тагнуулчийн дүрд тоглох шинэ жүжигчний тухай мэдээлэл Жеймс Бондын албан ёсны хуудсуудад нийтлэгдсэн ер бусын бичлэгийн дараа тодорхой болжээ. Албан ёсоор зарлахаас өмнөхөн тус франчайзын “Instagram” болон “X” хаягуудаас өмнөх бүх нийтлэлүүд устаж, оронд нь “Identity confirmed” (“Хэн болох нь баталгаажлаа”) гэсэн бичигтэй богино хэмжээний бичлэг тавигдсан байна.
Удалгүй нууц задарч, дараагийн Жеймс Бондоор Роберт Паттинсон тодорлоо. Тэрээр 2021 онд гарсан “Үхэх цаг биш” (“No Time to Die”) кинонд Британийн тагнуулчийн дүрийг хамгийн сүүлд бүтээсэн Дэниел Крейгээс буухиаг ийнхүү хүлээн авч байна.
Жүжигчин өөрөө ч энэхүү томилгооны талаар байр сууриа илэрхийлжээ. “Variety” сэтгүүлийн эш татсан мэдэгдэлд Паттинсон энэ үйл явдал түүний хувьд онцгой мөч болохыг хүлээн зөвшөөрсөн байна.
Тэрээр: «Жеймс Бонд бол кино урлагийн түүхэн дэх хамгийн домогт дүрүүдийн нэг бөгөөд 007 тагнуулчийн дүрийг бүтээх боломж олдсон нь миний бүх амьдралын нэр төрийн хэрэг юм» хэмээн хэлжээ. Мөн тэрээр найруулагч Дени Вильнёв, продюсер Эми Паскаль, Дэвид Хейман болон “Amazon MGM Studios”-ийн хамт олонд итгэл хүлээлгэсэнд талархал илэрхийлсэн байна.
Паттинсон нэмж: «Энэ дүрийг мөрөөдлийн биелэл гэж хэлэхэд ч багадна. Ийм гайхалтай багтай хамтран ажиллах болсондоо туйлын их догдолж байна» гэжээ.

Роберт Паттинсон юугаараа алдартай вэ?
Роберт Паттинсон 1986 оны тавдугаар сарын 13-нд Лондон хотод төржээ. Тэрээр өсвөр наснаасаа жүжигчний замналаа эхлүүлсэн бөгөөд эхлээд 13 настайдаа сонирхогчдын театрын хамтлагт элсэж, улмаар театрын агентын хараанд өртсөн байна. Паттинсон дэлгэцийн анхны томоохон дүрээ 2005 онд “Харри Поттер ба Галт цом” киноны Седрик Диггоригийн дүрээр бүтээжээ. Харин түүнд дэлхий дахины алдар нэрийг авчирсан бүтээл нь “Бүрэнхий” (“Twilight”) кино цувралын цус сорогч Эдвард Каллены дүр байсан бөгөөд уг кино гарсны дараа тэрээр Холливудын хамгийн алдартай залуу жүжигчдийн нэг болсон юм.
Гэсэн хэдий ч Паттинсон романтик цус сорогчийн дүрд хүлэгдэж үлдэхийг хүсэлгүй, жүжиглэх хэв маягаа аажмаар өөрчилсөн байна. Тэрээр бие даасан найруулагчидтай, тухайлбал Дэвид Кроненберг, Роберт Эггерс болон ах дүү Сафди нартай идэвхтэй хамтран ажиллах болов. Түүний “Сайхан цаг” (“Good Time”) болон “Гэрэлт цамхаг” (“The Lighthouse”) кинонуудад бүтээсэн дүрүүд кино шүүмжлэгчдийн анхаарлыг онцгой татсан юм. Хожим нь жүжигчин томоохон студийн төслүүдэд эргэн ирж, Мэтт Ривзийн “Бэтмен” (2022) кинонд Брюс Уэйний дүрийг, мөн “Микки 17” (2025) шинжлэх ухааны уран зөгнөлт кинонд гол дүрийг тус тус бүтээжээ. Жүжиглэхээс гадна Паттинсон хөгжмөөр хичээллэж, гитар, төгөлдөр хуур тоглодог бөгөөд өөрийн зохиосон дуунуудаа “Бүрэнхий” киноны дууны цомогт дуулж байв. Мөн тэрээр 2013 оноос хойш “Dior Homme” эрэгтэй үнэртний нүүр царайгаар ажиллаж байна.
Жеймс Бондын тухай шинэ кинон дээр хэн ажиллах вэ?
Дараагийн анги нь тус франчайзын 26 дахь албан ёсны кино болох бөгөөд “Amazon MGM Studios”-ийн уран бүтээлийн хяналт дор эхэлж буй Бондын шинэ эрин үеийн анхны бүтээл байх юм.
Найруулагчийн суудалд “Дюн”, “Ирэн дээгүүр гүйгч 2049” болон “Ирэлт” кинонуудаараа алдартай Дени Вильнёв сууна. Харин кино зохиолыг алдарт “Хурц саравчтай малгайтнууд” (“Peaky Blinders”) цувралыг бүтээгч Стивен Найт бичиж байна.
Төслийн продюсероор Эми Паскаль болон Дэвид Хейман нар ажиллаж байгаа бөгөөд чухам энэ баг дэлхийн хамгийн алдартай тагнуулчийн тухай кино түүхийн хөгжлийн шинэ чиг хандлагыг тодорхойлох үүрэг хүлээжээ.
Паттинсон албан ёсны цуврал кинонуудад Жеймс Бондын дүрийг бүтээсэн долоо дахь жүжигчин болж байна. Түүнээс өмнө энэхүү домогт дүрийг өөр өөр он жилүүдэд Шон Коннери, Жорж Лэзенби, Рожер Мур, Тимоти Далтон, Пирс Броснан болон Дэниел Крейг нар амилуулж байв.
007 тагнуулчийн тухай шинэ кино хэзээ гарах вэ?
Цувралын дараагийн анги нээлтээ хийх яг тодорхой огноог одоогоор зарлаагүй байна. Урьдчилсан төлөвлөгөөгөөр зураг авалтын ажил 2027 онд эхэлж, кино 2028 онд дэлгэцнээ гарах хүлээлттэй байгаа аж.
Их Британийн хааны гэр бүлийн албан ёсны хуудаснаа «Эрхэм дээдсийн нууц албанд тавтай морил, ноён Бонд» гэсэн үгтэй нийтлэл тавигдсан нь домогт 007 тагнуулчийн дүрд Роберт Паттинсон сонгогдсон тухай мэдээлэлд хариу барьсан хэрэг боллоо.
