НүүрСпорт“CuMo Arena”-гийн нээлтийн барилдаанд улсын гарди М.Лхагвагэрэл түрүүлэв

“CuMo Arena”-гийн нээлтийн барилдаанд улсын гарди М.Лхагвагэрэл түрүүлэв

Орхон аймгийн Эрдэнэт хотод “CuMo Arena” цогцолборын нээлтэд зориулан зохион байгуулсан улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаанд улсын гарди М.Лхагвагэрэл түрүүлж, улсын арслан Э.Оюунболд үзүүрлэлээ.

Түрүү бөх Мөнхтөрийн Лхагвагэрэл нь Завхан аймгийн Яруу сумын харьяат, “Хилчин” спорт хороо, ХЦ-0208 анги, “Жем Интернэйшнл” ХХК, “Завхан Даян” дэвжээний бөх юм.

Харин үзүүрлэсэн Энхтөгсийн Оюунболд нь Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, “Автобус-1” ТӨК, “Тэргүүн Саруул Зам” ХХК, “Хан Хэнтийн Аварга” дэвжээний бөх билээ.

Их болон дунд шөвөгт шалгарсан бөхчүүд

Барилдааны их шөвөгт Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, “Аврагч” спорт хороо, “Монтед Констракшн”, “Асиан Сити” ХХК, “Мах Импекс” ХК, “Батхаан Ойл” ХХК, “Ховд” дэвжээний бөх, улсын арслан Б.Бат-Өлзий шалгарлаа.

Мөн Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, “Хилчин” спорт хороо, ХЦ-0208 анги, “Нэгдэл” клуб, “Зорчигч тээвэр 2” ОНӨААТҮГ, “Өрнөх цамхаг” ХХК, “Жавхлант” дэвжээний бөх, аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр их шөвөгт үлдсэн байна.

Харин дунд шөвөгт улсын үнэн зоригт харцага Б.Зоригтбаатар, улсын харцага О.Мөнх-Эрдэнэ, улсын начин Б.Даваа-Очир, аймгийн заан О.Баяржаргал нар шалгарчээ.

 “CuMo Arena”-гийн барилдаанд М.Лхагвагэрэл түрүүллээ

Үндэсний бөхийн хөгжилд хувь нэмэр оруулсан хүмүүст хүндэтгэл үзүүлэв

Барилдааны үеэр Монголын үндэсний бөхийн холбооноос “CuMo Arena” цогцолборын хамт олон болон Орхон аймагт үндэсний бөхийн спортыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулсан хүмүүст хүндэтгэл үзүүлсэн байна.

Тэдний дунд цогцолборыг барих санаачилга гарган хэрэгжүүлж, Орхон аймгийн Үндэсний бөхийн холбооны тэргүүнээр 24 жил ажилласан аймгийн арслан Ж.Лхагвасүрэн багтжээ.

Түүнчлэн 1995 оны Улсын баяр наадамд зургаа давж, дунд шөвөгт шалгарсан улсын харцага Н.Саранцогт, Засгийн газрын 65 дугаар тогтоолоор зохион байгуулсан Өндөр гэгээний мэлмий гийсний 360 жилийн их баяр наадамд тав давсан аймгийн арслан Ч.Баттуяа, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, улсын ахлах тайлбарлагч Ч.Раднаабазар нарт хүндэтгэл үзүүлсэн юм.

“CuMo Arena” цомын барилдааныг жил бүр зохион байгуулна

Цаашид жил бүрийн аравдугаар сард “CuMo Arena” цомын нэрэмжит барилдаан зохион байгуулж, Монголын үндэсний бөхийн холбооны албан ёсны хуваарьт барилдаанд багтаахаар шийдвэрлэжээ.

Үндэсний бөхийн дараагийн барилдаан арваннэгдүгээр сарын 21-ний бямба гарагийн 11:00 цагт Алтан цомын барилдаанаар үргэлжилнэ.

Гэрэл зургийг: Орхон аймаг, Э.Лхамсүрэн

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд