Францад орон сууцныхаа халаалтыг аль болох удаан хугацаагаар залгахгүй байх хандлага иргэдийн дунд эрчээ авч байна. Хэрэглээний төлбөрийн өсөлтөөс шалтгаалан олон сая өрх зардлаа хэмнэхэд хүрсэн бөгөөд паараа залгах хугацааг хойшлуулах нь нийгмийн сүлжээнд хүртэл түгээмэл нэгэн арга, өвөрмөц сорилт болон хувирсан тухай “BFMTV” телевиз мэдээллээ.
Тус улсын Эрчим хүчний үндэсний омбудсманы тайлан судалгаагаар Францын нийт оршин суугчдын гуравны нэг нь хий болон цахилгааны төлбөрөө төлөхөд санхүүгийн хүндрэлтэй тулгардаг гэжээ. Иргэдийн 72 орчим хувь нь дулааны хэрэглээгээ танахаас өөр аргагүйд хүрсэн бол гуравны нэгээс илүү хувь нь өрөө тасалгааны хүйтний улмаас гэртээ хэдэн өдрөөр даарч суусан гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна. Нөхцөл байдлыг Эрчим хүчний зохицуулах хорооноос (CRE) байгалийн хийн суурь үнийг ээлжит удаагаа нэмэгдүүлсэн шийдвэр улам бүр хүндрүүлж байна.
Санхүүгийн уг дарамттай жижиг орон сууцаа халаах нь тансаг хэрэглээ болж хувирсан оюутнууд, залуу мэргэжилтнүүдээс эхлээд тэтгэврийн насныхан, олон хүүхэдтэй өрхүүд хүртэл нүүр тулж буй аж.
Францын нэгэн оршин суугч халаалтгүй гэртээ хүйтнийг хэрхэн даван туулж буй талаараа: «Би хоёр футболк, мохер ноосон цамц өмсөөд, түүн дээрээ дахин нэг зузаан цамц давхарлаж байна. Гэртээ гутлаа ч тайлахгүй байгаа ба шөнө унтахдаа бүр малгай өмсдөг» хэмээн ярьжээ.
Иргэд болон шинжээчдийн зүгээс орлогын түвшин зогсонги байдалд орж, амьжиргааны өртөг хурдацтай нэмэгдэж буй үед энэхүү хэмнэлт нь тэдний хувьд зүгээр нэг сонголт биш, харин амьд үлдэх гарцаагүй шаардлага болж хувирч байгааг онцолж байна. Иймээс иргэд гэртээ байнгын зузаан хувцаслаж, наад захын тав тухтай амьдралын хэрэгцээгээ хязгаарлахаас аргагүйд хүрч байна.
