Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотод зохион байгуулдаг марафон гүйлтийн тэмцээнүүд замын хөдөлгөөнд их хэмжээний саатал үүсгэж, иргэдийн гомдлыг нэмэгдүүлсэн тул хотын захиргаа зохицуулалтаа шинэчлэхээр болжээ.
Зам хаах, нийтийн тээврийн чиглэл өөрчлөхөөс гадна дуу чимээ, хог хаягдалтай холбоотой асуудал нэмэгдэж байгаа нь уг шийдвэрийн гол шалтгаан болсон байна.
Сөүл хотын захиргаа 2027 онд болох марафон тэмцээнүүдийн хуваарь, маршрут болон аюулгүй байдлын төлөвлөгөөг цагдаагийн байгууллагатай хамтран хянахаар шийдвэрлэснийг Korea Times мэдээлжээ.
Нэг өдрийн марафоноос болж 190 автобусны чиглэл өөрчлөгджээ
Хамгийн сүүлд өнгөрсөн ням гарагт зохион байгуулсан марафон Сөүлийн хэд хэдэн гол замын хөдөлгөөнд хүндрэл учруулсан байна.
Тодруулбал, Гванхвамуны талбайгаас Олимпын цэцэрлэгт хүрээлэн хүртэлх болон Сангамаас Ёуидо хүрэх чиглэлд хөдөлгөөн саатжээ. Уралдааны улмаас нийт 190 автобусны чиглэлийг өөрчлөх шаардлага гарч, бусад замын хөдөлгөөнд ч саатал үүссэн аж.
Үүнтэй холбогдуулан иргэдээс замын түгжрэл, дуу чимээ, хог хаягдал болон амралтын өдрийн тав тух алдагдсан асуудлаар гомдол ирүүлсэн байна.
Сөүл хотын дарга О Се Хун даваа гарагт цахим хуудсаараа дамжуулан нөхцөл байдалд анхаарал хандуулж байгаагаа мэдэгджээ.
Тэрбээр “Амралтын өдөр оршин суугчдын тав тухыг алдагдуулсан асуудал бүрийг би нухацтай авч үздэг. Зам бол бид бүгдийнх. Би оршин суугчдадаа тулгарсан саад бэрхшээлийг багасгахын төлөө тууштай ажиллах болно” хэмээн бичсэн байна.
2027 оны уралдааны бүртгэлийг түр хойшлуулахыг хүсэв
Хотын захиргаа ирэх онд зохион байгуулах марафон тэмцээнүүдийн төлөвлөлтийг дахин хянах ажлыг эхлүүлжээ.
Энэ хүрээнд Сөүлийн цагдаагийн удирдлагуудтай хамтран уралдааны маршрут, зохион байгуулах хугацаа, замын хөдөлгөөний өөрчлөлт болон аюулгүй байдлын менежментийн төлөвлөгөөг нягтлахаар болсон байна.
Шинэ зохицуулалтын дэлгэрэнгүйг 2026 оны арванхоёрдугаар сард зарлах бөгөөд үүнээс өмнө 2027 оны марафонд оролцогчдын бүртгэлийг эхлүүлэхгүй байхыг зохион байгуулагчдаас хүсжээ.
Сөүл хотын аялал жуулчлал, спортын товчооны захирал Чо Сон Хо марафон нь иргэдийн эрүүл мэндэд эерэг нөлөөтэй боловч бусдын өдөр тутмын амьдралд үзүүлэх саад тотгорыг бууруулах шаардлагатайг онцолсон байна.
Тэрбээр “Бид олон оршин суугчдын эрүүл мэндэд оруулж буй марафоны хувь нэмрийг хүлээн зөвшөөрч байгаа ч хотын төвийн уралдааны улмаас үүссэн саад бэрхшээл сүүлийн үед бусдын санааг зовоосон асуудал болсон. Бид арга хэмжээг зохион байгуулагчдад санаачилга гаргаж, асуудлыг шийдвэрлэхийн тулд бидэнтэй хамтран ажиллахыг уриалж байна” гэжээ.
Марафоны тоог цөөрүүлсэн ч замын түгжрэл буураагүй байна
Сөүл хотын захиргаа энэ оны эхээр марафон зохион байгуулах удирдамжаа шинэчилж, тэмцээнийг өглөөний 07:30 цагаас өмнө эхлүүлэх зохицуулалт нэвтрүүлжээ.
Мөн нэг тэмцээнд оролцох хүний дээд хязгаарыг тогтоосон байна. Түүнчлэн хотын зүгээс зохион байгуулдаг марафоны тоог өнгөрсөн оны 15-аас энэ онд долоо болгон бууруулсан аж.
Гэсэн ч хотын төвд зохион байгуулж буй уралдаануудын улмаас замын хөдөлгөөн саатах асуудал үргэлжилсээр байгаа юм.
Үүнд одоогийн хууль эрх зүйн зохицуулалт нөлөөлж байгааг хотын захиргаа тайлбарлажээ.
Төв засгийн газрын ивээн тэтгэлэгтэй марафон 23 болж нэмэгджээ
Өмнөд Солонгосын одоогийн хууль тогтоомжийн дагуу марафон гүйлтийн тэмцээн зохион байгуулахад орон нутгийн засаг захиргаанаас тусгай зөвшөөрөл авах шаардлагагүй байна.
Түүнчлэн олон тэмцээн төв засгийн газрын яамдын ивээн тэтгэлгээр зохион байгуулагддаг тул Сөүл хотын захиргааны зүгээс шууд хязгаарлалт тогтоох боломж бага байгаа аж.
Хотын дарга О Се Хуны мэдээлснээр, төв засгийн газрын ивээн тэтгэлэгтэй марафоны тоо өнгөрсөн онд нэг байсан бол энэ онд 23 болж нэмэгджээ.
Иймээс хотын захиргаа зөвхөн өөрийн зохион байгуулдаг тэмцээний тоог цөөрүүлэхээс гадна бусад байгууллагын уралдааны төлөвлөлтөд хяналт тавих боломжийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна.
Мянгаас дээш оролцогчтой тэмцээнд шинэ шаардлага тавина
Өмнөд Солонгост саяхан баталсан Үндэсний спортыг дэмжих тухай хуулийн нэмэлт өөрчлөлт 2027 оны дөрөвдүгээр сарын 21-нээс хэрэгжиж эхлэхээр болжээ.
Шинэ зохицуулалтаар 1000 болон түүнээс дээш оролцогчтой спортын арга хэмжээг зохион байгуулагчид аюулгүй байдлын менежментийн төлөвлөгөөгөө орон нутгийн захиргаанд урьдчилан танилцуулах үүрэг хүлээнэ.
Мөн орон нутгийн захиргаа тухайн төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах санал гаргах эрхтэй болох юм.
Энэ нь Сөүл хотын удирдлагад марафон зэрэг олон хүн хамарсан спортын арга хэмжээний аюулгүй байдал, зохион байгуулалтад илүү өргөн хүрээнд оролцох эрх зүйн боломж бүрдүүлэхээр байна.
Иргэдийн зорчих эрх, спортын арга хэмжээний тэнцвэрийг хангахыг зорьж байна
Сөүл хот марафон гүйлтийн тэмцээнийг бүрэн хориглох бус, замын хөдөлгөөн болон оршин суугчдын өдөр тутмын амьдралд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах чиглэлээр зохицуулалтаа чангатгахаар төлөвлөжээ.
Өмнө нь тэмцээний тоо, эхлэх цаг, оролцогчдын тоонд хязгаарлалт тогтоосон боловч замын хөдөлгөөний саатал үргэлжилсэн нь нэмэлт арга хэмжээ авах үндэслэл болсон байна.
Ирэх арванхоёрдугаар сард танилцуулах шинэ журам болон 2027 оны дөрөвдүгээр сараас хэрэгжих хуулийн өөрчлөлт нь цаашид Сөүл хотын төвд томоохон марафон зохион байгуулах нөхцөлийг тодорхойлох юм.
Эх сурвалж: Korea Times
