Баянхошуу орчмын иргэдийн хөдөлмөр эрхлэлт, боловсрол, бизнесийн боломжийг нэмэгдүүлэх зорилготой “Өсөлт хөгжлийн төв” албан ёсоор нээлтээ хийжээ. Тус төв нээлтийнхээ өмнө хоёр сарын хугацаанд туршилтын журмаар ажиллаж, хүүхэд, залуус болон бичил бизнес эрхлэгчдэд чиглэсэн хэд хэдэн хөтөлбөр хэрэгжүүлсэн байна.
Туршилтын хугацаанд 60 гаруй бичил бизнес эрхлэгч бизнесээ эхлүүлэх болон үйл ажиллагаагаа өргөжүүлэх чиглэлээр дэмжлэг авчээ. Үүний зэрэгцээ 300 гаруй хүүхэд, залуус англи хэлний сургалтад хамрагдаж, 120 хүүхэд жюү жицү спортоор тогтмол хичээллэх болсон байна.
150 гаруй залуу хөдөлмөрийн зах зээлд бэлтгэх хөтөлбөрт хамрагджээ
Төвийн үйл ажиллагааны нэг чиглэл нь залуусыг ажил хөдөлмөрт бэлтгэхэд төвлөрч байгаа аж. Өнгөрсөн хоёр сарын хугацаанд 150 гаруй залуу хөдөлмөрийн зах зээлд шаардлагатай ур чадвар эзэмших сургалт, хөгжлийн хөтөлбөрүүдэд хамрагдсан байна.
Мөн тэдэнд “Оюу толгой” компанийн ханган нийлүүлэгч байгууллагуудад дадлага хийж, ажлын орчинд туршлага хуримтлуулах боломж бүрдүүлжээ. Ингэснээр сургалтаар олж авсан мэдлэгээ бодит ажлын байранд ашиглах нөхцөлийг бий болгосон байна.
Судалгаанд оролцогчдын 71.6 хувь нь хөгжлийн орон зай хэрэгтэй гэж үзжээ
Баянхошуу орчимд 60 мянга гаруй хүн амьдардгаас 31,865 нь хөдөлмөрийн насны иргэн байна. Төслийг хэрэгжүүлэхээс өмнө хийсэн судалгаагаар оролцогчдын 53 хувь нь ажлын байрны боломжийг нэмэгдүүлэх шаардлагатай гэж хариулжээ.
Харин 71.6 хувь нь хүүхэд, залуучуудад зориулсан суралцах, хөгжих орон зай шаардлагатай гэж үзсэн байна. “Өсөлт хөгжлийн төв”-ийг эдгээр хэрэгцээнд тулгуурлан байгуулсан бөгөөд цаашид иргэд ур чадвараа хөгжүүлэх, бизнесийн санаагаа хэрэгжүүлэх, хөдөлмөр эрхлэх боломжоо нэмэгдүүлэх орон зай болгон ажиллуулахаар зорьжээ.
