“Томуугийн эсрэг хамтдаа” уриан дор зохион байгуулагдаж буй 2026–2027 оны улирлын томуугийн эсрэг дархлаажуулалтын компанит ажил орон даяар албан ёсоор эхэллээ. Сонгинохайрхан дүүргийн “Баянбигэр” өрхийн эрүүл мэндийн төвд болсон нээлтийн ажиллагааны үеэр Эрүүл мэндийн сайд Э.Батшугар үг хэлж, томуугийн дэгдэлт эхлэхээс өмнө зорилтот бүлгийн хүн амыг эрт дархлаажуулахын чухлыг онцлов.
500 мянган хүн тун вакцин ба үнэ төлбөргүй хамрагдах иргэд
Монгол Улсын Засгийн газар өнгөрсөн онд 300 мянган хүн тун вакцин худалдан авч зорилтот бүлгийн 99 хувийг хамруулж байсан бол энэ жил вакцины хэмжээг 500 мянган хүн тун болгон нэмэгдүүлжээ. Ингэснээр зорилтот бүлгийг 100 хувь бүрэн хамруулах боломж бүрдэж байна.
Энэ удаад ДЭМБ-ын зөвлөмжтэй, БНСУ-д үйлдвэрлэсэн 4 цэнт вакциныг Засгийн газрын санхүүжилтээр НҮБ-ын Хүүхдийн сангаар дамжуулан худалдан авсан бөгөөд дараах иргэдэд үнэ төлбөргүй хийнэ:
- 6 сартайгаас 6 нас хүртэлх хүүхдүүд
- Жирэмсэн эмэгтэйчүүд
- 65 ба түүнээс дээш насны ахмад настнууд
- Архаг хууч өвчтэй иргэд
Эмнэлгийн тусламжийн эрсдэлийг 75.2 хувиар бууруулжээ
Томуугийн халдварын дэгдэлт манай улсад аравдугаар сараас эхэлж, нэг ба хоёрдугаар сард оргил үедээ хүрдэг тул эрт дархлаажуулах нь эмнэлгийн ачааллыг бууруулах ач холбогдолтой юм. Судалгаагаар 2024–2025 оны улиралд 1–5 насны хүүхдийг вакцинд хамруулснаар томуугийн улмаас эмнэлгийн тусламж авах эрсдэлийг 75.2 хувиар бууруулсан үр дүн гарчээ.
Улсын хэмжээнд 600 гаруй эрүүл мэндийн нэгжийн 1300 гаруй эмч, мэргэжилтэн маргаашаас эхлэн иргэдэд вакцин хийж эхлэх бөгөөд Эрүүл мэндийн яамнаас иргэдийг дархлаажуулалтдаа идэвхтэй хамрагдахыг уриаллаа.
