Оскарын шагналт жүжигчин, “Thirty Seconds to Mars” хамтлагийн ахлагч Джаред Летотой холбоотой ноцтой гомдлууд гарч эхэллээ. Түүнийг насанд хүрээгүй байхад нь бэлгийн хүчирхийлэл болон дарамт үзүүлсэн хэмээн дөрвөн эмэгтэй буруутгаж байгаа тухай BBC агентлаг мэдээлсэн байна.
Хэрэг явдлын талаарх мэдүүлгүүд
Мэдүүлэг өгсөн эмэгтэйчүүдийн ярьж буйгаар эдгээр хэргүүд 2002-ноос 2016 оны хооронд буюу Джаред Летог 30-аас 40 настай байх үед болжээ. BBC агентлагийн явуулсан мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд нийт 10 эмэгтэйтэй ярилцсан бөгөөд тэдний олонхи нь энэ талаар анх удаа ам нээж байгаа юм.
- Эхний хохирогч: Тухайн үед 17 настай байхад нь мотелийн угаалгын өрөөнд халдсан гэж мэдүүлжээ.
- Хоёр дахь хохирогч: 19 настайдаа зочид буудлын өрөөнд ганцаар үлдэх үеэр одоос хүчирхийллийн заналхийлэл авсан гэж мэдэгдэв.
- Гутгаар хохирогч: Калифорни мужид 17 настай байхад нь бэлгийн харьцаанд орсон бөгөөд орон нутгийн хуулиар энэ нь бэлгийн хүчирхийлэлд тооцогддог. Тэрээр Летод зөвшөөрлийн насны талаар сануулсан ч үл тоомсорлосон гэжээ.
- Дөрөв дэх хохирогч: 16 настай байхад нь алдартай жүжигчин залуу түүнтэй тогтмол утсаар ярьж, бэлгийн харилцааны санал тавьдаг байжээ. Хожим нь түүнд мэдээлэл олон нийтэд задруулахгүй байх гэрээ (NDA) илгээсэн ч эмэгтэй гарын үсэг зурахаас татгалзсан байна.
Хамтран ажиллагсдын байр суурь ба хариу үйлдэл
Хамтлагийн хуучин хамтран ажиллагсад болон багийн гишүүд түүнийг залуу шүтэн бишрэгчид рүү анхаарал хандуулдаг байсныг мэддэг байснаа баталжээ. Насны зөрүү хэт асар их байсан тул уг үйлдэл нь багийнханд тухгүй сэтгэгдэл төрүүлдэг байсан гэнэ.
Өдгөө 54 настай Джаред Летогийн зүгээс эдгээр буруутгалд одоогоор ямар нэгэн албан ёсны тайлбар эсвэл мэдэгдэл хийгээгүй байна.
