Швейцарийн Базель хотын “Фонд Бейелер” (Fondation Beyeler) музей Поль Сезаннын бүтээлийн үзэсгэлэнд зориулж нэг өдрийн сонирхолтой арга хэмжээ зохион байгууллаа. Уг үзэсгэлэнд зураачийн алдарт “Усанд сэлэгчид” (The Bathers) цуврал дэлгэгдсэн бөгөөд усны хувцастай ирсэн зочдыг үнэ төлбөргүй нэвтрүүлжээ.
Тавдугаар сарын 1-нд болсон уг акцад бикини, усны богино өмд эсвэл битүү усны хувцас өмсөж ирсэн хүмүүс ердийн үед 25 швейцарь франк (ойролцоогоор 27 евро) байдаг тасалбарыг төлөөгүй байна. Зарим зочид усны малгай өмсөж, хөл нүцгэн яван музейн цэцэрлэгт амарч, өөрсдийн стилийг бүрдүүлжээ.
“Усны хувцасны өдөр” хэмээх энэхүү санааг Италийн зураач Маурицио Каттелан гаргасан байна. Зохион байгуулагчдын зүгээс энэхүү үйл явдал нь үзэсгэлэнгийн агуулгыг баяжуулж, урлагтай харилцах шинэлэг хэлбэрийг бий болгоно гэж үзжээ.

Уг арга хэмжээ нь Сезаннын бүтээлийн сэдэвтэй шууд холбоотой юм. “Усанд сэлэгчид” цувралд хүний бие болон байгалийн үзэмж нягт хэлхээ холбоотой байдгийг дүрсэлдэг. Музейн зүгээс үүгээр дамжуулан хүн ба байгалийн холбоог тодотгож, урлагийг илүү чөлөөтэй, энгийнээр хүлээн авахад туслахыг зорьсон байна.

Тогтсон дүрэм журмаас татгалзаж, урлагийг илүү бодитоор мэдрэхэд энэ формат тусалж байна гэж зарим үзэгчид сэтгэгдлээ хуваалцжээ. Иймэрхүү үйл ажиллагаа нь хүмүүсийг өөрийн “тухтай бүс”-ээс гарч, урлагтай шинэээр харилцахад нөлөөлнө гэж зохион байгуулагчид найдаж байна.

“Фонд Бейелер” музей дэх Сезаннын үзэсгэлэн 2026 оны тавдугаар сарын 25-ныг хүртэл үргэлжилнэ.
