Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас (ХХҮЕГ) 2026 оны тавдугаар сард иргэдийн дансанд орох тэтгэвэр, тэтгэмж болон нийгмийн халамжийн санхүүжилтийн албан ёсны цаг хугацааны хуваарийг олон нийтэд танилцууллаа. Энэхүү хуваарийн дагуу нийгмийн зорилтот бүлгүүдэд чиглэсэн мөнгөн тусламжуудыг сарын турш гурван үндсэн үе шаттайгаар олгохоор төлөвлөсөн байна.
Сарын эхний хагаст буюу 14-ний өдрөөс эхлэн нийгмийн халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмж болон амьжиргааг дэмжих мөнгөн тусламжуудыг олгож эхэлнэ. Үүний зэрэгцээ ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан дэмжлэг, хөнгөлөлт, алдар цолтон ахмад настанд олгох тусламжууд дансанд орох юм. Мөн онцгой тохиолдлын мөнгөн тэтгэмж болон хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээний санхүүжилтийг энэ өдөр шийдвэрлэхээр хуваарьт тусгажээ.
Сар бүрийн тогтсон хугацаанд олгодог хүүхдийн мөнгөн тэтгэмжийг энэ сарын 20-ны өдөр олгоно. Түүнчлэн олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцгийн мөнгөн тэтгэмж мөн энэ өдөр иргэдийн дансанд шилжихээр хүлээгдэж байна.

Сарын сүүлийн хагаст буюу тавдугаар сарын 26-ны өдөр “Эхийн алдар” одонгийн мөнгөн тусламж болон ахмад настнуудад зориулсан “Насны хишиг”-ийг тус тус олгоно. Мөн энэ өдөр нийгмийн халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмж, амьжиргааг дэмжих мөнгөн тусламжийн дахин олголт явагдахаас гадна олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээний санхүүжилт орох ажээ.
Иргэд та бүхэн халамжийн мөнгө олголттой холбоотой мэдээллийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын албан ёсны цахим хуудсаар дамжуулан цаг алдалгүй авах боломжтой.
