HomeЭдийн засагХотын өрхийн орлого инфляцыг гүйцэхгүй байна: Эдийн засгийн төлөв байдал

Хотын өрхийн орлого инфляцыг гүйцэхгүй байна: Эдийн засгийн төлөв байдал

Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр улс орны санхүүгийн өнөөгийн нөхцөл болон цаашдын чиг хандлагын талаар мэдээлэл хийлээ. Хэдийгээр Монгол Улсын эдийн засаг 2025 онд 6.8 хувиар тэлсэн ч дотоод эрэлт болон худалдаа, үйлчилгээний салбарын идэвхжил сул байгааг тэрбээр илтгэлийнхээ эхэнд онцлов.

Өрхийн орлогын үзүүлэлтийг авч үзвэл, 2025 оны эцэст улсын хэмжээнд дунджаар таван хувийн өсөлт ажиглагдсан ч энэ нь хот болон хөдөө орон нутагт ихээхэн зөрүүтэй гарчээ. Тодруулбал, нийслэл Улаанбаатар хотын өрхийн орлого ердөө 2.2 хувиар нэмэгдсэн бол орон нутгийн иргэдийн орлого 10.5 хувиар өссөн байна. Орон нутгийн орлого ийнхүү өсөхөд мал аж ахуйн гаралтай мах, ноос ноолуурын үнийн өсөлтөөс гадна хөдөө орон нутагт ажиллаж буй албан хаагчдын цалингийн нэмэгдэл голлон нөлөөлсөн гэж үзэж байна.

Гэвч 2025 оны эцсийн байдлаар инфляцын түвшин улсын хэмжээнд 7.5 хувьд хүрсэн юм. Хүн амын тал хувь нь оршин суудаг нийслэл хотод өрхийн орлогын өсөлт ердөө 2.2 хувь байгаа нь иргэдийн бодит орлого үнийн өсөлтийг гүйцэж чадахгүй байгааг харуулж буй томоохон дохио боллоо.

Сайд Ж.Энхбаяр “2026 оны нэгдүгээр улирлын байдлаар инфляц 7.4 хувь байгаа. Үүн дотор хүнсний бүтээгдэхүүний инфляц 10 гаруй хувиар нэмэгдсэн нь анхаарал татаж байгаа. Энэ нь мах, хүнсний ногооны үнээс шалтгаалж байна. Мөн гадаад орчны нөлөөлөлтэй холбоотойгоор шатахууны үнийн өсөлт Монголын эдийн засагт мэдрэгдэж эхэлсэн. Шатахуунаар дамжиж суурь зардлын өсөлт гарч байна” гэлээ.

Төсвийн орлого болон зарлагын гүйцэтгэлийн талаар тэрбээр “Улсын төсвийн орлого энэ оны эхний гурван сарын байдлаар 6.3 их наяд төгрөг байна. Эдийн засаг муудсан, төсвийн орлого багассан гэдэг нь үндэслэлгүй. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад төсвийн орлого 2.5 хувиар өсөөд байгаа. Олдог орлого хэвийн, нэмэгдэлтэй байгаа. Гэхдээ анхаарах ёстой зүйл нь тэтгэвэр, төрийн албан хаагчдын цалингийн нэмэгдэлтэй холбоотойгоор төсвийн зарлага 7.7 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.2 их наяд төгрөгөөр буюу урсгал зардал 17.1 хувь өссөн. Багш, эмч нарын цалин, тэтгэврийн нэмэгдэл нь оны эхний улиралд улсын төсвийн тэнцлийг 1.4 их наяд төгрөгийн алдагдалтай гарахад нөлөөлсөн” хэмээн тайлбарлав.

Ажлын байрыг хамгийн ихээр бүрдүүлдэг худалдаа, үйлчилгээний салбар идэвхгүй байгаа тул 2027 оны эдийн засгийн гол бодлого энэ чиглэлд төвлөрөх юм байна. Цаашид хүнсний бүтээгдэхүүний үнэ болон инфляц өсөх эрсдэл бодитой байгаа тул Засгийн газраас шаардлагатай хариу арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөж буйгаа сайд нэмж онцолсон юм.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд