Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс 2026 оны зуны саруудын цаг агаарын ерөнхий төлөвийг гаргажээ. Цаг агаар, орчны тоон загварчлалын тооцооллоор ирэх зургаадугаар сараас наймдугаар сарыг дуусталх хугацаанд нийт нутгаар харьцангуй халуун, чийг багатай байх дүр зураг ажиглагдаж байна.
Дэлхийн Цаг уурын байгууллагын тогтоосон жишгийн дагуу цаг уурын хэмжигдэхүүний олон жилийн дундаж (ОЖД) утгыг 1991–2020 оны үзүүлэлтээр тодорхойлдог. Тэгвэл энэ жилийн зун агаарын температур зургаадугаар сард говийн бүсээр, харин долоо болон наймдугаар сард ихэнх нутгаар уг дунджаас давж халахаар байна.
Хур тунадасны тухайд зургаадугаар сард баруун болон говийн аймгуудаар, долдугаар сард нийт нутгаар, наймдугаар сард баруун болон зүүн бүсийн нутгаар олон жилийн дунджаас бага байх төлөвтэй. Үүнээс үүдэж агаар болон хөрсний хэт халалт үүсэж, хуурайшилт нэмэгдэх магадлалтай тул наршилт болон болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэхийг мэргэжлийн байгууллагаас анхааруулж байна.
Зургаадугаар сарын төлөв
Энэ сард Өмнөговь, Дорноговийн нутаг, Дундговийн ихэнх хэсэг болон Говь–Алтай, Баянхонгорын өмнөд бүсээр олон жилийн дунджаас илүү хална. Бусад нутгаар агаарын температур дунджийн орчим байх нь ээ.
Хур тунадасны хувьд дараах бүс нутгуудад олон жилийн дунджаас бага чийг унах төлөвтэй:
- Баян–Өлгий, Ховд, Говь–Алтай, Өмнөговь.
- Увс, Завханы баруун хэсэг.
- Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн өмнөд сумд.
Долоодугаар сарын төлөв
Долоодугаар сард Хэнтий, Дорнодын нутаг болон Төв аймгийн зүүн, Сүхбаатарын хойд хэсгээс бусад бүх нутгаар олон жилийн дунджаас давж халах төлөв гарчээ.
Тунадасны хувьд Хөвсгөл, Архангай, Булганы нутаг, Завханы ихэнх хэсэг, Баянхонгор болон Өвөрхангайн хойд тал, Сэлэнгэ, Төв аймгийн баруун хэсгээр дунджийн орчим бороо орно. Харин бусад нутгаар хур тунадас харьцангуй бага, хуурайсаг байх төлөвтэй байна.
Наймдугаар сарын төлөв
Зуны сүүл сард Өмнөговийн ихэнх болон Дорноговийн өмнөд хэсгээр агаарын температур дунджийн орчим байна. Харин бусад нутгийн хувьд олон жилийн дунджаас илүү халуун байх нь ээ.
Бороо орох хэмжээг бүсчлэн үзвэл:
- Баян–Өлгий, Ховд, Дорнодын зүүн хэсгээр бага.
- Увс, Говь–Алтай, Завхан, Өмнөговь, Баянхонгорын зарим хэсгээр дунджаас бага.
- Бусад нутгаар олон жилийн дунджийн орчим хур тунадас орох төлөв ажиглагдаж байна.
