Олон улсын Бүүкэрийн шагнал хүртэж байсан шилдэг бүтээлүүдээс Өмнөд Солонгосын нэрт зохиолч Хан Ганы “Цагаан хоолтон” роман уншигчдын хамгийн дуртай номоор нэрлэгдлээ. Шагнал гардуулах ёслолын шинэчилсэн форматын арван жилийн ойг тохиолдуулан зохион байгуулагчид уншигчдын дунд нээлттэй санал асуулга явуулсан нь ийм үр дүн гаргасан байна.
Уг санал асуулгад нийт 10 мянга орчим уншигч оролцсон бөгөөд тэд 2016-2025 оны хооронд Бүүкэрийн шагнал хүртсэн зохиолуудаас өөрсдийн таашаалд нийцсэн шилдэг бүтээлээ сонгожээ. Санал асуулгад оролцогчдын гуравны нэг нь “Цагаан хоолтон” романыг сонгосон нь тус бүтээл дэлхийн уншигчдын зүрх сэтгэлд хэчнээн гүн гүнзгий байр суурь эзэлснийг илтгэж байна.
Утга зохиолын салбарын Нобелийн шагналт Хан Ган энэхүү романаа 2007 онд бичиж байсан бөгөөд 2015 онд Дэбора Смитийн англи хэл дээрх орчуулгаар дэлхий дахинд танигдаж эхэлсэн юм. Улмаар 2016 онд Олон улсын Бүүкэрийн шагналыг хүртсэн түүхтэй.
Тус роман уншигчдын хамгийн дуртай бүтээлээр тодорсонд зориулж Бүүкэрийн шагнал гардуулах хорооноос Хан Гантай хийсэн ярилцлагыг онцлон нийтэлжээ. Зохиолч Хан Ган бүтээлийнхээ талаар “Энэ роман ийм их уншигчтай болно гэж би хэзээ ч төсөөлж байгаагүй. Романыг бичиж байхдаа би дуусгаж чадах эсэх бас зохиолчоороо үргэлжлүүлж ажиллах эсэхдээ ч эргэлзэж байлаа. 2016 онд Бүүкэрийн шагнал хүртсэн нь нэлээд хачин жигтэй мэдрэмж төрүүлсэн. Гэхдээ сайн утгаараа” хэмээн өгүүлсэн байна.
Энэхүү үйл явдал нь Азийн уран зохиол, тэр дундаа Хан Ганы бүтээлүүд дэлхийн утга зохиолын тавцанд үнэ цэнээ алдалгүй, улам бүр гүнзгийрэн танигдаж байгаагийн тод жишээ боллоо.
