Улаанбаатар хотод хэрэгжүүлж буй “Дүүжин замын тээвэр” төслийн нийт гүйцэтгэл 90 хувьд хүрч, механик угсралтын ажил бүрэн дууссан байна. Одоогоор аюулгүй ажиллагааны тохиргоо, туршилт үргэлжилж байгаа бөгөөд дүүжин тээврийг арванхоёрдугаар сарын 15-нд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
Төслийг нийтийн тээврийн төрлийг нэмэгдүүлэх, хүртээмжийг сайжруулах, замын түгжрэлийг бууруулах зорилгоор Яармаг–Хархорин чиглэлд хэрэгжүүлж байна.
4.2 км урт, 98 кабинтай байна
Дүүжин замын шугам нийт 4.2 километр урт, хоёр өртөөтэй бөгөөд 98 кабин ажиллах юм. Төслийн тооцоогоор цагт 2320 зорчигч тээвэрлэх хүчин чадалтай байна.
Барилга угсралтад Францын “Poma” группийн мэргэжилтнүүд, “Моннис инженеринг” ХХК болон “Цагаан уран хийц” ХХК-ийн баг хамтран ажиллаж байгаа аж. Харин “Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ, “Максимал” ХХК захиалагчийн хяналтыг хэрэгжүүлж байна.
Аюулгүй ажиллагааны туршилт үргэлжилж байна
“Моннис инженеринг” ХХК-ийн төслийн менежер Б.Мөнхбаясгалангийн мэдээлснээр механик угсралтын ажил дууссан бөгөөд одоо системийн аюулгүй ажиллагааны тохиргоо, туршилтуудыг хийж байгаа аж.
Тэрбээр тус компани “Poma” групптэй байгуулсан туслан гүйцэтгэгчийн гэрээний дагуу ажлаа төлөвлөсөн хугацаанд үргэлжлүүлж буйг хэлээд, арванхоёрдугаар сарын 15 гэхэд зорчигч хүлээн авах бэлтгэлийг хангахаар ажиллаж байгааг мэдээлжээ. Төслийн талбайд одоогоор 56 хүн ажиллаж байна.
Ашиглалтын 48 дүрэм, журмыг орчуулжээ
Нэгдсэн төслийн удирдлагын газрын ахлах инженер Г.Түвшинсанаагийн мэдээлснээр зорчигч тээвэр эхлэхэд шаардлагатай 48 дүрэм, журмыг Францын “Poma” группээс хүлээн авч, монгол хэл рүү орчуулсан байна.
Мөн төслийг улсын комисст хүлээлгэн өгөх бэлтгэл, туршилтын ажлуудыг хооронд нь уялдуулахын зэрэгцээ ашиглалтын нөхцөл, зорчигчдод зориулсан мэдээллийг урьдчилан хүргэх шаардлагатайг нийслэлийн холбогдох албаныхан онцолжээ.
