Дуучин Б.Амархүү Увс аймагт аялан тоглолт хийх үеэр тус аймгийн удирдлагуудын зүгээс хүний эрхэд халдсан үйлдэл гаргасан тухай асуудал олны анхаарлыг татаад байна. Хэрэг явдлыг эргэн санавал, дуучин Б.Амархүү орон нутгийн театрын зохион байгуулалт, ажлын хариуцлагыг шүүмжлэн цахим хуудсаараа мэдээлэл хүргэсэн юм. Үүний хариуд Увс аймгийн Засаг даргын орлогч С.Анхбаяр өөрийн сошиал хаягаар дамжуулан дуучныг доромжилсон өнгө аястай мэдэгдэл хийсэн нь маргааны эхлэл болжээ.
Төрийн албан тушаалтны ёс зүй ба цахим дайралт
Засаг даргын орлогч С.Анхбаяр дуучны өнгөрсөн амьдрал болон хувийн мэдээлэл рүү чиглэсэн дараах агуулга бүхий пост оруулсан нь иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан:
“Пүү хар тамхи хэрэглээд ард түмнээрээ өмгөөлүүлнэ ай. Манайх л ийм тэнэг байх шүү. Бусад улсад шууд карер нь дуусна. Юун хүн загнаж, зандарч явах. Дамжуулагчаас хэрэглэгч орон болсныг мэддэг үү? Ай”
Уг мэдэгдлийг Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК) хянаж үзээд, төрийн албан тушаалтан иргэний нэр хүндэд халдаж, хүний эрхийн ноцтой зөрчил гаргасан гэж дүгнэсэн байна.
Хүний эрхийн үндэсний комиссоос уг хэргийг шуурхай шалгаж эхэлсэн бөгөөд албаны байр сууриа илэрхийллээ. ХЭҮК-ын Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаатар энэ талаар мэдээлэхдээ:
“Тухайн иргэн өмнө нь гэмт хэрэгт холбогдож, хууль ёсны шийдвэрийн дагуу хариуцлагаа хүлээгээд дууссан. Гэтэл өмнө ял шийтгэл эдэлж байсан гэх үндэслэлээр урлаг уран сайхны үйл ажиллагаа явуулахад нь саад учруулах, хориглох нь хүний эрхийн зөрчил юм. Тиймээс Комиссын гишүүний шаардлага хүргүүлнэ” хэмээв.
Хүний эрхийн үндэсний комиссын зүгээс хүнийг өнгөрсөн хугацаанд гаргасан алдаа, ял шийтгэлээр нь ялгаварлан гадуурхах, хөдөлмөрлөх болон мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхэд нь халдах нь ардчилсан нийгэмд байж боломгүй үйлдэл гэдгийг онцолж байна.
