Илон Маскийн 2025 онд Tesla компаниас авах цалин 12 оронтой тоонд хүрч, 158 тэрбум ам.доллар болох боломжтойг зохицуулах байгууллагын тайлан мэдээлэлд дурджээ. Энэ талаар “The Times” сэтгүүл албан ёсны эх сурвалжаас иш татан мэдээлэв.
Энэхүү төлбөр нь дэлхийн хамгийн баян хүнд нийт нэг их наяд ам.долларын урамшуулал олгохоор хувьцаа эзэмшигчдийн зөвшөөрсөн нөхөн олговрын гэрээний хүрээнд хийгдэж буй шилжүүлэг юм.
Гэхдээ бодит үнийн дүн нь тодорхой зорилтот үзүүлэлтүүдийг хэрхэн биелүүлэхээс шууд хамаарна. Тухайлбал:
- Урамшууллын эхний хэсгийг авахын тулд Маскийн удирдаж буй Tesla компанийн зах зээлийн үнэлгээг 1.2 их наяд доллароос 2 их наяд болгож өсгөх;
- Багцыг бүрэн эхээр нь авахын тулд компанийн үнэлгээг 8.5 их наяд ам.долларт хүргэж, робот болон жолоочгүй таксины масс үйлдвэрлэлийг жигдрүүлсэн байх шаардлагатай ажээ.
Өнгөрсөн намар анх олон нийтэд мэдээлэгдсэн энэхүү нэг их наяд долларын урамшууллын багц нь дэлхийн түүхэнд байгаагүй өндөр дүн юм. Үүнээс өмнө Tesla компани Маскад 96 сая ширхэг хувьцаа олгох шийдвэр гаргаад байсан бөгөөд уг багцын үнэлгээ 2025 оны наймдугаар сарын байдлаар ойролцоогоор 29 тэрбум ам.долларт хүрээд байв. Хэрэв Илон Маск тус компанид дахин хоёр жил ажиллавал энэхүү хувьцааг эзэмших эрхтэй болох юм.
