Увс аймгийн харьяат, Монгол Улсын аварга С.Мөнхбат энэ жилийн 1024 бөх зодоглох Үндэсний их баяр наадамд барилдахгүй гэдгээ албан ёсоор зарлалаа. Тэрбээр наадмын зохион байгуулалт болон бөхийн салбарт үүсээд буй допинг, хуйвалдааны асуудлуудыг эрс шүүмжлэн, цэвэр шударга спортыг дэмжиж буйгаа илэрхийлэв.
“Найраа” хийх цаг хангалттай гарна
Энэ жил бөхийн барилдааныг гурван өдрийн турш зохион байгуулахаар шийдвэрлэсэн нь бөхчүүдийн дунд даваа наймаалцах буюу “найраа” хийх боломжийг улам олгож байна гэж аварга үзжээ. Тэрбээр “Би нэгэнт л дээгүүр даваа хүртэл барилдаж чадахгүй учраас найраанд орохгүйн тулд барилдахгүй гэж бодож байна” хэмээн байр сууриа илэрхийлж, наадмын зохиомол даваануудад оролцохгүй гэдгээ шийдэмгий мэдэгдсэн байна.
Төрийн наадмыг бохирдуулагчдыг шүүмжлэв
С.Мөнхбат аварга допингийн эсрэг маш хатуу байр суурьтай байгаагаа дахин санууллаа. Төрийн наадмын үзүүр, түрүүний бөхчүүдээс тогтмол хориотой бодис илэрч байгааг тэрбээр гэмт хэргийн шинжтэй үйлдэл хэмээн тодорхойлоод, Монголын ард түмэн болон бөх сонирхогчдыг хуурчхаад ичихгүй эрхээ сэргээлгэхээр хөөцөлдөж буй хүмүүст туйлаас харамсаж байгаагаа илэрхийлжээ.
Тодруулга: Аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр наадмаар барилдахгүй
Өнгөрсөн жилийн наадамд найм давж үзүүрлэсэн ч допингийн улмаас “гарди” цолоо хураалгаж, барилдах эрхээ хасуулсан Н.Өсөхбаярын эрхийг Спортын арбитрын шүүхээс 2026 оны 6 дугаар сарын 16-нд сэргээсэн байна. Хэдийгээр эрх нь сэргэж, энэ жилийн наадмаар барилдах боломж бүрдсэн мэт харагдсан ч Баяр наадмын бөхийн салбар хорооны дарга Б.Батбямбын өгсөн мэдээллээр тэрбээр зүлэг ногоон дэвжээнээ гарах боломжгүй болжээ.
Үүсээд буй хууль эрх зүйн нөхцөл байдлыг багцалбал:
- Хуулийн байгууллагад хандсан: 2025 оны бөхийн салбар хорооноос “Спортын арбитрын шүүхийн шийдвэрт гаднын нөлөө орсон байж болзошгүй” гэх шалтгаанаар хууль хяналтын байгууллагад гомдол гаргасан байна.
- Маргаан эцэслэгдээгүй: Дээрх эрх зүйн маргаан бүрэн эцэслэгдэж, албан ёсны шийдвэр гарах хүртэл аймгийн арслан Н.Өсөхбаярыг наадмын барилдаанд бүртгэж, барилдуулах боломжгүй гэж салбар хорооноос мэдэгдлээ.
