Британийн жүжигчин Роберт Паттинсон домогт тагнуулч Жеймс Бондын дүрийн сонгон шалгаруулалтад (audition) оролцжээ.
“The Hollywood Reporter” сэтгүүлийн мэдээлснээр “Бүрэнхий” (Twilight) болон “Бэтмен” (The Batman) киноны од тэрээр Их Британийн алдарт тагнуулчийн дүрд өрсөлдөх нэр дэвшигчдийн албан ёсны жагсаалтад нэгдсэн байна. Дотоод эх сурвалжуудын мэдээлснээр Паттинсон өнгөрсөн аравдугаар сарын сүүлээр болсон дүрийн шалгаруулалтад биечлэн оролцсон аж.
Гэхдээ энэ нь түүнд дүрийг шууд авчирна гэсэн баталгаа хараахан биш бөгөөд түүнтэй авьяаслаг бусад жүжигчид эн тэнцүү өрсөлдөж байна. Тухайлбал, уг жагсаалтад Агент 007-гийн дүрийг бүтээх өндөр магадлалтай гэгдэж буй Каллум Тернер, мөн Жек Лауден, Жош О’Коннор болон Жейкоб Элорди нар багтжээ. Эцсийн шийдвэр энэ оны сүүлчээр гарах төлөвтэй байна.
Түүнчлэн Жеймс Бондын тухай дараагийн шинэ ангийн найруулагчаар Дени Вильнёв ажиллахаар болсон бөгөөд Паттинсон өмнө нь түүнтэй “Dune”-ийн гуравдугаар анги дээр хамтран ажилласан туршлагатай билээ. Харин киноны зохиолыг “Peaky Blinders”-ийг бүтээгч Стивен Найт бичихээр болсон байна.
Жеймс Бондын дүрийг хамгийн сүүлд жүжигчин Дэниел Крейг бүтээсэн билээ. Тэрээр 2006 оны “Казино Рояль” (Casino Royale) киноноос эхлээд “Үхэх зав алга” (No Time to Die) бүтээлийг хүртэл нийт таван ангид домогт тагнуулчийн дүрийг амилуулсан юм. Үүний сацуу цахим сүлжээнд Бондын шинэ бүсгүйн дүрийг хэн бүтээх талаарх таамаг, хэлэлцүүлэг ч мөн идэвхтэй өрнөж байна.
