АНУ-ын Батлан хамгаалах яам (Пентагон) улс орныхоо цөмийн “гурвалсан хүчин”-ийг (Nuclear Triad — газар, ус, агаараас цөмийн цохилт өгөх чадамж) орчин үеийн болгох хүрээнд цөмийн зэвсэг болон түүнийг тээвэрлэгч системүүдэд туршилт хийхээр төлөвлөж байна. Энэ тухай АНУ-ын Батлан хамгаалахын сайд Пит Хегсет Төлөөлөгчдийн танхимын холбогдох хорооны сонсголын үеэр мэдэгдэв.
“Бид цөмийн зэвсэг болон тээвэрлэгч системүүдийг бусад зэвсэглэлийн нэгэн адил түвшинд турших болно” гэж Пентагоны тэргүүн амлалаа.
Цөмийн гурвалсан хүчнийг шинэчлэх үүргийг АНУ-ын Ерөнхийлөгч өгсөн бөгөөд Тегераныг цөмийн зэвсэгтэй болохоос урьдчилан сэргийлэх Вашингтоны оролцоо идэвхжиж буй энэ үед уг асуудал нэн чухал болоод байгааг тэрээр сануулсан юм. Хегсет “Бид дайсагнагч талыг тогтоон барих болон хурцадмал байдлыг хяналтадаа байлгах нэмэлт хувилбаруудыг боловсруулна” хэмээн онцлов.
Түүний удирдаж буй яам 2027 оны төсөвт АНУ-ын цөмийн цогцолборын санхүүжилтийг нэмэгдүүлэх хүсэлт гаргаад байна. Холбогдох баримт бичигт дурдсанаар, энэхүү арга хэмжээ нь Вашингтонд стратегийн өрсөлдөгчдөө тогтоон барих баталгааг үргэлжлүүлэн олгож, үндэсний ашиг сонирхлоо хамгаалах боломжийг бүрдүүлэх ажээ.
Цөмийн гурвалсан хүчин гэдэг нь тивийн алгасах баллистик пуужин (хуурай замын), цөмийн зэвсэгт шумбагч онгоц (тэнгисийн) болон стратегийн нисэх хүчин (агаарын) гэсэн гурван бүрэлдэхүүн хэсгээс бүрдэх улс орны стратегийн цөмийн хүч юм. Энэхүү бүтэц нь хариу цохилт өгөх баталгааг бүрдүүлдэг бөгөөд цөмийн зэвсгээр тогтоон барих бодлогын гол элемент болдог. Одоогоор АНУ, Орос, Хятад, Энэтхэг болон Пакистан улсууд ийм хүчин чадалтай байна.
