Монголын эстрад, ардын дууны урлагийн нэрт төлөөлөгч П.Адарсүрэн агсны гэгээн дурсгалд зориулан бүтээсэн хөшөөний нээлт 2026 оны аравдугаар сарын 8-ны 13:00 цагт болно.
Хөшөөг Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт, Зайсан толгойн бэл дэх “Зайсан Хилл” цогцолборын урд байрлах задгай театрын талбайд босгожээ.
Хандивын тоглолтоор хөрөнгө босгожээ
П.Адарсүрэн агсны хөшөөг бүтээх санаачилгыг Zarig.mn сайтын эрхлэгч Н.Өнөрцэцэг болон түүний хүү А.Амартайван нар хамтран гаргасан байна.
Тэд ард түмний хайртай дуучны уран бүтээл, дурсгалыг мөнхжүүлэх зорилгоор хандивын хүндэтгэлийн тоглолт зохион байгуулж, хөшөө босгоход шаардлагатай хөрөнгийг бүрдүүлэх ажлыг өрнүүлжээ.
Зайсангийн задгай театрын талбайд сүндэрлэв
Ийнхүү санаачилга бодит ажил болж, П.Адарсүрэн агсны хөшөөг Зайсангийн задгай театрын талбайд байрлуулсан байна. Нээлтийн ёслол маргааш буюу аравдугаар сарын 8-нд олон нийтэд нээлттэй болохоор товлогджээ.
