Нийслэлийн цэцэрлэгт хүүхэд хамруулах хүсэлтийг хоёр үе шаттайгаар зохион байгуулахаар болжээ. Нэгдүгээр шатны цахим бүртгэл 2026 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс эхэлж, 2026 оны 08 дугаар сарын 23-ны өдрийг дуустал E-Mongolia платформоор дамжин явагдана.
2026–2027 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 258,921 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулах хэрэгцээ үүсэж байна. Үүнээс 126,827 хүүхэд нь нийслэлд цэцэрлэгт хамрагдах шаардлагатай хүүхдүүд аж.
Нийслэлийн хэмжээнд цэцэрлэгт хамрагдах хүүхдийг насаар нь ангилбал:
- 2 настай – 27,832
- 3 настай – 31,303
- 4 настай – 32,002
- 5 настай – 35,690 хүүхэд байна.
Иргэд хүүхдээ цэцэрлэгт бүртгүүлэхээс өмнө өөрийн болон хүүхдийнхээ хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх шаардлагатай. Хаягийн мэдээлэл зөрүүтэй, шинэчлэгдээгүй тохиолдолд бүртгэлийн явцад хүндрэл үүсэж болзошгүй юм.
Мөн өнгөрсөн жил цэцэрлэгт хамрагдсан хүүхдийн хувьд тухайн цэцэрлэгтээ “Үргэлжлүүлж явах” эсэх сонголтыг хийх шаардлагатай. Харин шилжилт хөдөлгөөн хийх бол 2026 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс өмнө баталгаажуулсан байхыг анхааруулжээ.
Ийнхүү нийслэлийн цэцэрлэгийн цахим бүртгэл ирэх наймдугаар сарын 10-наас эхлэх бөгөөд эцэг, эх, асран хамгаалагчид E-Mongolia платформоор дамжуулан хүсэлтээ илгээх юм. Бүртгэлийн хугацаа дуусахаас өмнө шаардлагатай мэдээллээ шалгаж, баталгаажуулахыг зөвлөж байна.
