Улаанбаатар хотын хэмжээнд мопед, скүүтер болон цахилгаан дугуйтай иргэдийн замын хөдөлгөөнд оролцох соёл, аюулгүй байдлыг хангах үүднээс өнгөрсөн сараас эхлэн хяналт шалгалтыг эрчимжүүлээд байна. Нийслэлийн 86 цэгт 185 олон нийтийн цагдаа ажиллаж, өнөөдрийг хүртэлх хугацаанд нийт 5,400 гаруй зөрчлийг илрүүлэн ажиллажээ.
Хяналт шалгалтаар илэрсэн нийтлэг зөрчлүүдийг тоон үзүүлэлтээр харуулбал:
- Явган хүний замаар зорчсон: 1,702 тохиолдол
- Зорчигч давхарлан тээвэрлэсэн: 1,197 тохиолдол
- Зориулалтын бус газар байрлуулсан: 1,002 тохиолдол
- Явган хүний гарцаар гарахдаа хөтөлж яваагүй: 833 тохиолдол
- Насанд хүрээгүй хүүхэд жолоодсон: 697 тохиолдол
Түүнчлэн дүрэм зөрчсөн 560 мопедыг түр саатуулах хашаанд байршуулсан байна. Замын цагдаагийн албанаас хийсэн шалгалтаар А ангиллын жолоодох эрхгүй буюу эрхээ хасуулсан үедээ мотоцикл, мопед, суррон унаж замын хөдөлгөөнд оролцсон 256 зөрчлийг илрүүлжээ. Дүрмийн бус хөдөлгөөнд оролцсон 92 иргэнийг Зөрчлийн тухай хуулийн дагуу нийт 920 мянган төгрөгөөр торгож, хариуцлага тооцсон байна.
Иргэд скүүтер, мопед, суррон болон цахилгаан дугуйгаар зорчихдоо дараах аюулгүй байдлын зөвлөмжийг чанд мөрдөхийг анхааруулж байна. Үүнд:
- Хамгаалалтын малгайг заавал өмсөж, хурд хэтрүүлэлгүй, анхаарал болгоомжтой явах;
- Замын хөдөлгөөний дүрэм баримталж, урсгал сөрөхгүй, гэрлэн дохиог дагаж мөрдөх;
- Явган хүний замаар зорчихгүй байх, гарцаар гарахдаа тээврийн хэрэгслээ заавал хөтөлж гарах;
- Тээврийн хэрэгсэл дээр давхар хүн суулгахгүй байх;
- Зөвхөн 16 болон түүнээс дээш насны иргэн жолоодох.
