НүүрБоловсрол“Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай” хуулийн төслийг боловсруулж дуусжээ

“Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай” хуулийн төслийг боловсруулж дуусжээ

Үе тэнгийнхний дээрэлхэлт, хүчирхийллийн бичлэгүүд цахим орчинд шил дараалан тархсан нь хүүхдийн аюулгүй байдлын асуудлыг нийгмийн анхаарлын төвд авчирсан билээ. Тухайн үед Боловсролын сайдаар ажиллаж байсан П.Наранбаяр хүүхдүүд цахим орчинд дарамт сүрдүүлэгт өртөх явдал газар авч байгааг сануулж, тусгай хуулийн төсөл санаачлахаа мэдэгдэж байв. Энэхүү санаачилга бодит ажил болон хэрэгжиж, УИХ-ын гишүүн П.Наранбаяр нарын гишүүд “Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай” хуулийн төслийг албан ёсоор боловсруулаад байна. Тус хуулийн төсөлд хүүхдийн цахим аюулгүй байдлыг хангах үүднээс насны зааг тогтоох, эцэг эхийн хяналтыг нэмэгдүүлэх, платформуудын хүлээх үүргийг чангаруулах болон төрийн хяналтын тогтолцоог бүрдүүлэхээр тусгажээ.

Насны хязгаарлалт ба сургуулиудад тавих шинэ хориг

Боловсруулсан хуулийн төсөлд зааснаар 13 нас хүрээгүй хүүхэд нийгмийн сүлжээ ашиглахыг бүрэн хориглох бөгөөд 13-16 насныхан тусгай хамгаалалтын горимд, насыг нь технологийн аргаар баталгаажуулсны үндсэн дээр нэвтрэх юм. Түүнчлэн хууль батлагдвал сургуулиуд Facebook, Messenger зэрэг нийгмийн сүлжээний платформуудыг албан харилцаа болон хичээлийн үйл ажиллагаандаа ашиглахыг хориглож, зөвхөн зориулалтын программ хангамжаар даалгавар, мэдээллийг дамжуулдаг болох аж. Сурагчдад цахим аюулгүй байдлын сургалт явуулахыг сургуулиудад даалгасан бол эцэг эхчүүд хүүхдийнхээ цахим хэрэглээнд тогтмол хяналт тавьж, контентын шүүлтүүр болон хамгаалалтын программыг заавал ашиглах үүрэг хүлээхээр байна.

Платформуудад хүлээлгэх үүрэг ба зөрчлийн эсрэг авах арга хэмжээ

Шинэ хуулийн төслөөр Facebook, TikTok, Instagram зэрэг олон улсын үйлчилгээ үзүүлэгч компаниудад хүүхэд хамгааллын чиглэлээр чанд шаардлага тавихаар төлөвлөж байна. Тухайлбал, технологийн гигант заргачид дараах үүргийг заавал биелүүлэх шаардлагатай юм:

  • 13 хүртэлх насны хүүхэд бүртгэхгүй байх ба 13-16 насны хэрэглэгчийн насыг баталгаажуулах
  • Хориотой агуулгыг 8 цагийн дотор устгаж, хүүхдэд хортой контентыг 72 цагийн дотор хязгаарлах
  • AI ашиглан бүтээсэн контентод тусгай тэмдэглэгээ байршуулах
  • Монгол Улсад албан ёсны төлөөлөгчтэй байх ба хүүхэд хамгааллын тайлангаа жил бүр хүргүүлэх

Эдгээр зохицуулалтын хэрэгжилтэд Харилцаа холбооны зохицуулах хороо хяналт тавьж, эрсдэлийн үнэлгээ хийх эрхтэй байхаар тусгажээ. Хэрэв тухайн платформ шаардлага биелүүлээгүй тохиолдолд 90 хоногийн хугацаатай сануулга өгч, зөрчлийг арилгахгүй бол Монгол Улсаас тухайн нийгмийн сүлжээ рүү нэвтрэх хандалтыг үе шаттайгаар хаах хүртэл хатуу арга хэмжээ авахаар тусгасан байна. Мөн 16-аас доош насны хэрэглэгчдийн мэдээллийг эцэг эхийнх нь дататай тулгуурлан баталгаажуулахад харилцаа холбооны операторууд оролцох зохицуулалт тусгагджээ.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд