Улаанбаатар–Өндөрхаан чиглэлийн авто зам дээрх Налайх–Тэрэлжийн төлбөр авах цэгийн байршлыг өөрчлөх асуудлыг нийслэлийн удирдлагууд хэлэлцсэн байна. Одоогийн цэгийг Цонжинболдог орчим руу шилжүүлэх саналыг Зам, тээврийн яаманд хүргүүлж, шийдвэрлүүлэхээр ажиллахаа нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва мэдэгджээ.
Хураамжийн цэг дээр түгжрэл үүсдэг гэж тайлбарлав
Б.Пүрэвдагвагийн хэлснээр нийслэлийн иргэд хотын нутаг дэвсгэрийн хүрээнд зорчихдоо тухайн цэг дээр 5000 төгрөгийн замын хураамж төлж байгаа нь асуудал дагуулдаг байна. Ялангуяа Тэрэлж чиглэл нь аялал жуулчлалын идэвхтэй бүс учраас төлбөр авах цэг орчимд автомашины дараалал, саатал нэмэгддэг гэж тайлбарлажээ.
Тиймээс төлбөрийн байгууламжийг одоогийн байршлаас холдуулж, Цонжинболдогийн чиглэлд шилжүүлэх хувилбарыг хэлэлцэж байгаа аж. Энэ асуудлыг нийслэл дангаараа шийдэхгүй бөгөөд Зам, тээврийн яамтай хамтран эцэслэх шаардлагатай гэж дурдсан байна.
Налайхын замын сүлжээг өргөтгөхөөр төлөвлөжээ
Налайх дүүргийн Засаг дарга Д.Наянбаяр тус дүүргийн Цэргийн ангийн урд хэсгээр дайран өнгөрдөг замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөх шийдвэр НИТХ-аас гарсан талаар мэдээлжээ. Түүний хэлснээр уг шинэчлэл нь Тэрэлж чиглэлийн зорчих урсгалыг илүү чөлөөтэй болгоход чиглэх юм.
Горхи–Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт жилд ойролцоогоор нэг сая дотоод, гадаадын жуулчин очдог гэсэн судалгааг мөн танилцуулсан байна. Замын багтаамжийг нэмэгдүүлснээр аялал жуулчлалын урсгал өсөхийн зэрэгцээ иргэдийн зорчих нөхцөл сайжирна гэж орон нутгийн удирдлагууд үзжээ.
Аялал жуулчлал, үйлдвэрлэлийн бүсийг зэрэг хөгжүүлэхээр төлөвлөж байна
Нийслэлийн удирдлагын зүгээс Налайхыг зөвхөн аялал жуулчлалын бүс бус, урт хугацааны хот төлөвлөлтийн чухал хэсэг гэж авч үзэж байгаагаа илэрхийлсэн байна. Барилгажилт эрчимжихээс өмнө замын трасс, амрах талбай болон дэд бүтцийн нөөц газрыг урьдчилан хамгаалах шаардлагатай гэж онцолжээ.
Мөн Налайх, Багануур, Багахангай дүүргийг эдийн засгийн тусгай бүсийн чиглэлээр хөгжүүлж, аж үйлдвэрийн паркууд байгуулах зорилт тавьж буй талаар мэдээлсэн байна.
