BTS хамтлагийн ахлагч RM олон жилийн турш бүрдүүлсэн хувийн урлагийн цуглуулгаа анх удаа музейн хэмжээний үзэсгэлэнгээр олон нийтэд толилуулахаар болжээ. “RM x SFMOMA: Between You and Me” нэртэй үзэсгэлэн АНУ-ын Сан-Франциско хотын Орчин үеийн урлагийн музей буюу SFMOMA-д нээгдэх юм.
Үзэсгэлэн 2026 оны аравдугаар сарын 3-наас 2027 оны хоёрдугаар сарын 7 хүртэл үргэлжилж, RM-ийн сонгон цуглуулсан 140 гаруй бүтээлийг нэг дор танилцуулна.
Үзэсгэлэнгийн кураторын ажилд RM өөрөө оролцжээ
RM зөвхөн бүтээлүүдээ дэлгээд зогсохгүй үзэсгэлэнгийн бэлтгэлд идэвхтэй оролцсон байна. Тэрбээр бүтээл сонгох, тайлбарын агуулга боловсруулах, аудио хөтөчийг бэлтгэх зэрэг кураторын ажлын хэд хэдэн хэсэгт хувь нэмрээ оруулжээ.
SFMOMA-ийн мэдээлснээр үзэсгэлэн нь RM урлагийг хэрхэн хүлээн авч, өөрийн амьдрал болон хөгжмийн бүтээлтэйгээ хэрхэн холбодгийг үзэгчдэд харуулах зорилготой аж.
Пикассо, Матисс, Роткогийн бүтээлүүд багтана
RM урлагт бага наснаасаа сонирхолтой байсан бөгөөд хөгжмийн уран бүтээлдээ дүрслэх урлагаас тогтмол урам авдаг гэдгээрээ танигдсан. Түүний цуглуулгад дэлхийн нэр хүндтэй уран бүтээлчдийн бүтээлээс гадна орчин үеийн уран бүтээлчдийн ажлууд ч багтдаг байна.
Үзэсгэлэнд Пабло Пикассо, Анри Матисс, Марк Ротко зэрэг уран бүтээлчдийн бүтээлүүдийг толилуулах бөгөөд RM-ийн урлагийн мэдрэмж, цуглуулгын чиг баримжааг нэг дороос харах боломж бүрдэх юм.
“Between You and Me” нь энгийн цуглуулгын үзэсгэлэнгээс илүүтэй RM-ийн хувийн сонирхол, хөгжмийн карьер, дүрслэх урлагтай үүсгэсэн холбоог харуулах концепцтой аж. Тэрбээр сонгосон бүтээлүүдээрээ дамжуулан урлагийг хэрхэн ойлгож, мэдэрдгээ үзэгчидтэй хуваалцахаар төлөвлөжээ.
