Японы Фүкүока хотод үргэлжилж буй мэргэжлийн сүмо бөхийн Кюүшюү башёгийн эхний дөрвөн өдрийн дараах байдлаар ёкозүна Хоошёорюү хоёр даваа, хоёр унаатай байна. Тэрбээр сүүлийн хоёр барилдаандаа маэгашира цолтой бөхчүүдэд дараалан ялагдаж, хоёр кинбоши алдсан нь сүмогийн хүрээнийхний шүүмжлэлийг дагуулжээ.
Ялангуяа өчигдрийн барилдаанд Үрад ердөө хоёрхон секундын дотор түлхүүлэн ялагдсан нь түүний бэлтгэл, биеийн байдалтай холбоотой асуудлыг дахин хөндөхөд хүргэсэн байна.
Гэмтлээ бүрэн эдгээлгүй башёд оролцсон уу?
Хоошёорюү сүүлийн хоёр башёг дундаас нь орхисон бөгөөд өнгөрсөн Намрын тэмцээнд мөн бүтэн барилдаж чадаагүй юм. Тэрбээр долоодугаар сарын сүүлээр өвдгөндөө мэс засал хийлгэсэн билээ.
Ёкозүнагийн зөвлөлөөс түүнийг арваннэгдүгээр сарын тэмцээнд заавал оролцох шаардлагагүй, харин гэмтлээ бүрэн эдгээсний дараа дэвжээнд гарах нь зүйтэй гэж зөвлөж байжээ. Гэсэн ч Хоошёорюү Кюүшюү башёд барилдахаар шийдвэрлэсэн байна.
Түүний сүүлийн хоёр өдрийн барилдаан хангалтгүй байгаа нь өвдөгний гэмтэл бүрэн эдгэсэн эсэхэд эргэлзээ төрүүлж, тэмцээнээ цааш үргэлжлүүлэх боломжтой эсэх асуудлыг хөндөж байна.
Багш нь үр дүн гаргах шаардлагатайг сануулав
Хоошёорюүгийн барилдааны талаар түүний багш Тацүнами ояката сэтгэл дундуур байгаагаа илэрхийлжээ.
Тэрбээр “Хэрэг алга. Тун хэцүү боллоо. Зүгээр, зодоглоно гээд өөрөө гарсан башё болохоор үр дүн гаргах хэрэгтэй” хэмээн хэлсэн байна.
Харин Асакаяма ояката түүний ялагдсан байдлыг шүүмжилж, гэмтэл нь хөдөлгөөнд нь нөлөөлж байгаа бол тэмцээнийг үргэлжлүүлэх эсэхээ эргэн харах шаардлагатайг онцолжээ.
Тэрбээр “Ялагдах нь яах вэ гэхэд ялагдаж байгаа байдал нь үнэхээр эвгүй байлаа. Өвдөг өвдөөд хөдлөхөд хэцүү байвал тэмцээнээс гарах талаар бодох хэрэгтэй. Үгүй бол өнөөдрөөс эхлэн давж эхлэх ёстой” гэжээ.
Мөн Японы сүмо бөхийн холбооны тэргүүн Хаккакү “Энэ башёд Хоошёорюүгээс зөвхөн ялалт хүлээж байлаа. Хэт ялахыг хүсээд байгаа шиг харагдлаа. Барилдааны агуулга сайн байх ёстой” хэмээн байр сууриа илэрхийлсэн байна.
Ёкозүна цолтой 11 башё түрүүлээгүй сөрөг амжилттай зэрэгцэж болзошгүй
Хоошёорюү ёкозүна цол хүртсэнээсээ хойш 10 тэмцээн өнгөрүүлсэн ч нэг ч удаа түрүүлж чадаагүй байна. Хэрэв энэ удаагийн Кюүшюү башёд мөн түрүүлж чадахгүй бол ёкозүна цолтой 11 башё дараалан түрүүлээгүй Асашио, Кашивадо, Ваканохана нарын түүхэн сөрөг үзүүлэлттэй зэрэгцэх юм.
Түүний одоогийн барилдааны байдал тэмцээнийг дундаас нь орхих эрсдэлтэй гэсэн болгоомжлолыг төрүүлж байна. Түүнчлэн өнөөдрийн барилдаанд дахин маэгаширад ялагдвал гурав дахь кинбошигээ дараалан алдах нөхцөл бүрдэхээр байгаа юм.
