Дархан-Уул аймагт “Эрүүл Дархан” хөтөлбөрийн хүрээнд иргэдийг үнэ төлбөргүй үзлэг, оношилгоонд хамруулж байна. Уг хөтөлбөрийг УИХ-ын гишүүн, АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням 2023 оноос БНСУ-ын Ихуа их сургуулийн эмнэлэг, УБ Сонгдо эмнэлэг, “Зүрх мартахгүй” төсөл, аймгийн ЗДТГ, ЭМГ-тай хамтран хэрэгжүүлж байгаа юм.
Энэ удаагийн үзлэгт “Зүрх мартахгүй” төслийн удирдагч Б.Болдсайхан тэргүүтэй Монголын болон Солонгосын нарийн мэргэжлийн эмч нарын баг ажиллаж байна. Эмч нар бамбай булчирхай, эмэгтэйчүүд, зүрх судас, уушги, бөөр, урологи, хүүхдийн дотоод шүүрэл, дотрын чиглэлээр үзлэг хийж, шаардлагатай зөвлөгөө өгчээ.
Үзлэгийн талаар сайд Г.Дамдинням өөрийн сошиал хаяг болон орон нутгийн хэвлэл мэдээллийн албан ёсны цахим хуудсуудаар дамжуулан иргэдэд урьдчилан мэдээлсэн байна. Энэ жил аймгийн хэмжээнд нийт 800 гаруй хүн үзлэгт хамрагдахаар бүртгүүлжээ.
Үүнээс Дархан суманд 358 хүн цаг авсан бөгөөд одоогоор 280 гаруй иргэн үзлэгт хамрагдаад байна. Хөтөлбөр гурав дахь жилдээ хэрэгжиж байгаа бөгөөд иргэд орон нутагтаа дотоод, гадаадын нарийн мэргэжлийн эмч нарт үнэ төлбөргүй үзүүлэх боломжтой болж байгаа нь цаг хугацаа, зардал хэмнэх давуу талтай юм.
Хөтөлбөрийн хүрээнд хийх үзлэгийн чиглэлүүд:
- бамбай булчирхай;
- эмэгтэйчүүд;
- зүрх судас;
- уушги;
- бөөр, урологи;
- хүүхдийн дотоод шүүрэл;
- дотор.
Өмнөх жилүүдэд энэхүү үзлэг, оношилгоонд хамрагдсан иргэдээс өндөр өртөгтэй мэс заслыг БНСУ-д хийлгэж, эрүүл мэндээ сайжруулан хэвийн амьдралдаа орсон тохиолдол олон байгаа аж. Иймээс “Эрүүл Дархан” хөтөлбөр нь орон нутгийн иргэдэд нарийн мэргэжлийн тусламж, зөвлөгөөг ойроос авах чухал боломж болж байна.
Үзлэг, оношилгооны хуваарь:
- 2026 оны 07 дугаар сарын 28-нд Дархан сум, Нэгдсэн эмнэлэг-Дэмжих төв
- 2026 оны 07 дугаар сарын 29-нд Шарын гол сум, Эрүүл мэндийн төв
- 2026 оны 07 дугаар сарын 30-нд Хонгор, Орхон сумын Эрүүл мэндийн төв
Үзлэг 09:00–13:00 болон 14:00–17:00 цагийн хооронд үргэлжилнэ. Дарханчууд ийнхүү орон нутагтаа нарийн мэргэжлийн эмч нарын багт үнэ төлбөргүй хамрагдаж, эрүүл мэндийн зөвлөгөө, оношилгоо авч байна.
