АНУ-ын тусгаар тогтнолоо тунхагласны 250 жилийн түүхт ойн хүрээнд нэгэн сонирхолтой бөгөөд маргаантай шийдвэр гарсан талаар АНУ-ын Төрийн департаментаас мэдээллээ. 2026 оны дөрөвдүгээр сарын 28-ны мягмар гарагт гаргасан тус мэдэгдэлд дурдсанаар, энэхүү түүхэн ойг тохиолдуулан Ерөнхийлөгч Доналд Трампын хөрөг бүхий тусгай загварын паспорт гаргахаар төлөвлөж байгаа аж.
Төрийн департаментаас танилцуулсан эх загварын дагуу паспортын нэг талд Ерөнхийлөгчийн хөрөг байх бол нөгөө талд 1776 онд Тусгаар тогтнолын тунхаглалд гарын үсэг зурж буй түүхэн үйл явдлыг дүрслэх юм байна. Төрийн департаментын төлөөлөгч Томми Пиготт энэхүү өөрчлөлтийн талаар хэлэхдээ, шинэ загвар нь АНУ-ын паспортын аюулгүй байдлын стандартыг бүрэн хадгалахын зэрэгцээ илүү сайжруулсан, орчин үеийн дүрслэлтэй болно гэдгийг онцолжээ.
“Трамп” брэнд төрийн өмч дээр мөнхөрч буй хандлага
Сүүлийн үед Ерөнхийлөгч Трампын дүр төрх болон нэрийг улсын санхүүгийн хэрэгсэл, төрийн өмч дээр мөнхлөх тохиолдол хэд хэдэн удаа бүртгэгдээд байна. Тухайлбал, АНУ-ын Зоосны газар энэ онд түүний хөрөгтэй зоос гаргахаар ажиллаж байгаа бол Сангийн яамнаас ам.долларын дэвсгэртүүд дээр Трампын гарын үсгийг хэвлэхээ мэдэгдээд байгаа юм.
Үүнээс гадна зарим төрийн байгууллагын барилга, тэнгисийн цэргийн хөлөг онгоц, тэр байтугай хүүхдийн хадгаламжийн хөтөлбөр болон эм хөнгөлөлттэй олгох цахим хуудсууд ч түүний нэрээр нэрлэгдэх болжээ. Харин шинээр паспорт захиалагчдад Ерөнхийлөгчийн зураггүй хувилбарыг сонгох боломж байгаа эсэх нь одоогоор тодорхойгүй байна.
