Алжирын Парламент Эрүүгийн хуульд ойн галдан шатаагчид болон хүүхэд хулгайлагчдад цаазаар авах ял хэрэглэх тухай нэмэлт, өөрчлөлтийг олонхын саналаар дэмжлээ. Энэ тухай Al Jazeera мэдээлэв.
Мэдээлэлд дурдсанаар, ой болон тариалангийн талбайг санаатайгаар галдан шатаасан, мөн гадаадын субъектийн даалгавраар улсын болон хувийн өмчийг устгасан этгээдэд цаазаар авах ял оноох боломжтой болох юм.
Түүнчлэн нийгмийн аюулгүй байдал, хэв журам, үндэсний нэгдэл эсвэл эдийн засаг, экологийн тогтвортой байдлыг алдагдуулах зорилгоор ийм үйлдэл гаргасан хүмүүст мөн ижил ял тусгажээ.
Хүүхэд хулгайлах гэмт хэрэг нь эрүүдэн шүүх, бэлгийн хүчирхийлэл эсвэл бие махбодод хүнд гэмтэл учруулсантай дагалдаж үйлдэгдсэн бол гэмт этгээдэд цаазаар авах ял оноох аж.
Уг нэмэлт, өөрчлөлтүүдийг Сенат болон тус улсын Ерөнхийлөгч баталснаар хүчин төгөлдөр болох юм.
