Засгийн газрын 2026 оны нэгдүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар Монгол Улс, АНУ-ын хооронд агаарын замын “гүүр” тогтоох, шууд нислэг эхлүүлэх бэлтгэл ажлын явцыг хэлэлцэн дэмжлээ. Хоёр улсын Засгийн газар хооронд 2023 онд байгуулсан Агаарын тээврийн тухай хэлэлцээрийн дагуу нислэг үйлдэх эрх зүйн орчин бүрдсэн бөгөөд одоо техникийн болон аюулгүй байдлын шалгууруудыг хангах эцсийн шатны ажил үргэлжилж байна.
Шууд нислэг эхлүүлэхэд тавигдаж буй үндсэн шаардлага болон хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд:
- Олон улсын аудит (IASA): АНУ-ын Холбооны нисэхийн захиргааны нисэхийн аюулгүй байдлын аудит шалгалтад хамрагдах нь хамгийн чухал алхам юм. Үүнд бэлтгэхийн тулд АНУ-ын “The Wicks Group Consulting” компаниас мэргэжлийн зөвлөх үйлчилгээ авч байна.
- Аюулгүй байдлын үнэлгээ: Тээврийн аюулгүй байдлын захиргаанаас (TSA) гаргадаг аюулгүй байдлын үнэлгээнд хамрагдаж, стандартыг бүрэн хангах ёстой.
- Буцалтгүй тусламжийн санхүүжилт: Зөвлөх үйлчилгээний хоёрдугаар шатны ажлыг АНУ-ын Худалдаа, хөгжлийн агентлаг (USTDA)-аас санхүүжүүлэхээр болсон. Энэхүү буцалтгүй тусламжийн хэлэлцээрийг ойрын хугацаанд албан ёсоор байгуулахаар төлөвлөжээ.
- Зөвлөмжийн хэрэгжилт: Иргэний нисэхийн ерөнхий газар (ИНЕГ) эхний шатны зөвлөх үйлчилгээнээс гарсан зааварчилгааг амжилттай хэрэгжүүлж, нислэгийн аюулгүй ажиллагааны тогтолцоогоо сайжруулж байна.
Энэхүү буцалтгүй тусламжийн гэрээ байгуулагдсанаар “The Wicks Group Consulting” компанитай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж, IASA шалгалтад хамрагдах бэлтгэлийг бүрэн дуусгах эрх зүйн боломж бүрдэх юм. Шууд нислэгтэй болсноор хоёр улсын хоорондын аялал жуулчлал, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа шинэ шатанд гарч, зорчигчид дамжин нислэггүйгээр, илүү тав тухтай аялах боломжтой болно.

Шууд нислэгтэй болвол их л амар болно доо, дамжин нисэхэд ядаргаатай байдаг
Аялал, бизнес хоёрт хэрэгтэй мэдээ байна