2025 оны 3-р сарын 19-29-нд Сербийн Вргячк-Баня хотод болсон сурагчдын шатрын дэлхийн аваргад Монгол Улсын өсвөрийн шатарчид амжилттай оролцож, хоёр алт, нэг мөнгөн медаль хүртлээ.
17 хүртэлх насны охидын ангилалд 13 настай, ФИДЕ-ийн мастерын болзол хангасан Б.Буянхишиг, 11 хүртэлх насны охидын ангилалд мөн ФИДЕ-ийн мастерын болзолтой Ч.Нандинжигуур нар тус тус тэргүүн байр эзэлж, дэлхийн аварга болсон бол, 9 хүртэлх насны ангилалд оролцсон У.Уранзаяа мөнгөн медаль хүртжээ.
Б.Буянхишиг сүүлийн гурван жил дараалан ДАШТ-ээс медаль хүртсэн амжилтаараа хоёр удаагийн дэлхийн аварга болж, шатрын түүхэнд нэрээ тодхон бичүүлж байна. Тэрбээр:
- 2023 онд 11 хүртэлх насанд – алт,
- 2024 онд 13 хүртэлх насанд – хүрэл,
- 2025 онд 17 хүртэлх насанд – алт авчээ.
Ч.Нандинжигуур хоёр дахь удаагаа дэлхийн аварга болж байгаа бол У.Уранзаяа олон улсын тэмцээнээс анхны медалиа авч, амжилтын гараагаа амжилттай эхлүүлэв.
Энэ удаагийн ДАШТ-д 44 орны 470 гаруй хүүхэд оролцсон бөгөөд Монгол Улсаас 3 багшийн удирдлага дор 31 шатарчин оролцож, 3 медальтай эх орондоо ирсэн нь бахархалтай үйл явдал боллоо.