Өнөөдөр буюу 3-р сарын 21-нд Гүрж улсын Тбилиси хотод Олон улсын жүдогийн холбооноос зохион байгуулж буй 2025 оны дөрөв дэх “Их дуулга” ангиллын тэмцээн эхэлж байна.
Тэмцээнд 52 улсын 385 тамирчин оролцож байгаа бөгөөд оноолтыг 3-р сарын 20-нд явуулжээ. Монгол Улсаас 20 жүдоч оролцохоор бүртгүүлсэн ч зарим тамирчид бэртлийн улмаас тэмцээнээс хасагдлаа.
Тухайлбал, Монгол Улсын гавьяат тамирчин Е.Басхүү, спортын мастер Б.Эрдэнэбаяр (73 кг) болон гавьяат тамирчин Л.Энхрийлэн (63 кг) нар бэртлийн улмаас тэмцээнийг өнжихөөр болжээ. Б.Эрдэнэбаярын оронд О.Уранбаяр оролцох бол эмэгтэйчүүдийн 63 кг-д Монгол Улсаас оролцогч байхгүй юм.
Өнөөдөр Монголын 9 жүдоч шөвгийн тэмцээнд хүч үзэх бөгөөд шууд дамжуулалт Улаанбаатарын цагаар 15:00 цагт эхэлнэ.