НҮБ-ын Дэлхийн Цаг уурын байгууллага (WMO) 3-р сарын 19-нд дэлхийн уур амьсгалын байдлын тухай жилийн тайлангаа нийтэллээ.
2024 оны температурын дээд амжилт
2024 он нь сүүлийн 175 жилийн турш бүртгэгдсэн хамгийн халуун жил болсон байна. Энэ нь дэлхийн дундаж температур аж үйлдвэржилтийн өмнөх үетэй (1900 оноос өмнөх үе) харьцуулахад 1.5°C-ээс давсан анхны тохиолдол гэж тайланд дурджээ.
Сүүлийн 8 жилийн турш далай тэнгисийн температур тасралтгүй өсөж, түүхэнд байгаагүй дээд амжилтуудыг тогтоож байна. Мөн Арктикийн мөсөн бүрхүүлийн хамгийн бага талбайтай 18 жилийн 18 нь сүүлийн 18 жилд тохиолджээ.
Уур амьсгалын өөрчлөлтийн үр дагавар
Уур амьсгалын өөрчлөлт нь дараах сөрөг үр дагаварт хүргэж байна:
- Цас, мөсний хайлалт хурдасч, далайн түвшин эрчимтэй өсөж байна.
- Хар салхи, далайн шуурга, цунами зэрэг байгалийн гамшигт үзэгдлүүд нэмэгдэж байна.
- Антарктидын мөсний талбай сүүлийн гурван жил дараалан хамгийн бага түвшинд хүрч, мөсний хайлалт түүхэнд байгаагүйгээр хурдассан байна.
НҮБ-ын анхааруулга
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш:
“Манай гараг хэзээ ч байгаагүйгээр түгшүүрийн дохио өгч байна. Далайн түвшин өнгөрсөн хэдэн арван жилд хоёр дахин хурдтай нэмэгдэж байна” гэж мэдэгдлээ.
Байгалийн гамшиг ба эдийн засгийн хохирол
Мөн 2024 онд болсон байгалийн гамшигт үзэгдлүүд нь:
- Хүчтэй хар салхи, үер, ган гачиг зэргийг дагуулж, дэлхийн олон улс оронд хүн амын шилжилт хөдөлгөөн нэмэгдэж байна.
- Хүнсний хямрал улам гүнзгийрч, олон улсын эдийн засагт нүүрлэсэн хохирол нэмэгдсэн.
Энэхүү тайлан нь дэлхийн улс орнуудыг уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг шуурхай арга хэмжээ авахыг анхааруулж байна.