Францын Страсбургийн их сургуулийн эмнэлгийн зүрхний мэс заслын баг УГТЭ болон Эх, Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн (ЭХЭМҮТ) зүрхний мэс заслын эмч нартай хамтран ажиллаж, нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлжээ.
Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд:
- Нийт 36 хүн (27 хүүхэд, 9 насанд хүрэгч) нарийн мэргэжлийн үзлэг, зөвлөгөөнд хамрагдсан;
- Хүнд хэлбэрийн зүрхний гажигтай өвчтөнүүдэд мэс заслын тусламжийг амжилттай үзүүлсэн;
- Төрөлхийн олон төрлийн гажигтай зургаан хүүхдэд иж бүрэн засвар мэс засал;
- Гол судас болон хавхлагын хүнд эмгэгтэй нэг насанд хүрэгчид мэс засал тус тус хийгдсэн байна.
Энэ удаагийн хамтарсан мэс заслын онцлог:
- Гадаадын мэргэжилтнүүд зөвлөх, хяналт тавих үүрэгтэй оролцсон;
- Монгол эмч нар мэс заслыг бие даан хийсэн;
- Ийм байдлаар эмч, мэргэжилтнүүдийн ур чадвар өсөж, гадаадад эмчлүүлэх хэрэгцээг үе шаттай бууруулах боломж бүрджээ.
Хийгдсэн мэс заслын нарийн төвөгтэй жишээнүүд:
- Зүрхний үйл ажиллагаа буурсан, гол судасны цүлхэн хавсарсан тохиолдолд мэс засал;
- Гол судасны төрөлхийн хүнд гажгийг засах мэс засал;
- Фаллогийн дөрвөл гажгийн дараах давтан мэс засал:
- Баруун ховдлын гарах хэсгийн нарийсал;
- Уушгины артерийн хүнд нарийслын мэс ажилбарууд.
Эдгээр тохиолдлууд нь Монгол Улсын Эрүүл мэндийн сайдын 2022 оны А/273 дугаар тушаалаар батлагдсан “Монголд эмчлэгдэх боломжгүй өвчний жагсаалт”-д багтсан бөгөөд ийнхүү дотоодод амжилттай гүйцэтгэсэн нь олон улсын хамтын ажиллагааны үр дүн, дотоодын эмч нарын чадвар өсөн нэмэгдэж байгааг батлах бодит жишээ болсон юм.
Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр, УГТЭ нь жил бүр Франц, Люксембург, БНСУ, БНХАУ, АНУ, Тайван зэрэг улсаас 20-иос дээш тооны гадаадын профессорын багийг урьж ажиллуулдаг. Энэ нь:
- Монгол иргэдийг эх оронд нь эмчлүүлэх боломжийг нэмэгдүүлж;
- Эмч нарын ур чадварыг ажлын байран дээр нь хөгжүүлж;
- Цаашдын тусламж үйлчилгээг сайжруулахад чухал ач холбогдолтой гэдгийг онцолжээ.