Meta компанийн гүйцэтгэх захирал Марк Цукерберг хиймэл оюун ухааны (ХОУ) ирээдүйн талаар тун эрс шийдэмгий байр суурь илэрхийллээ. Түүний үзэж байгаагаар, ХОУ нь орчин үеийн хүний ганцаардал, нийгмийн харилцааны дутагдал зэрэг асуудлыг шийдэх гарц болж чадна — тэр ч байтугай найз, сэтгэл судлаачийг орлох боломжтой гэж үзэж байна.
“AI Will Write Most Meta Code in 18 Months” подкаст дээр хэлсэн үгс
Цукерберг энэ санаагаа Дваркеш Пателын хөтөлдөг “AI Will Write Most Meta Code in 18 Months” нэртэй подкастын үеэр ярьжээ.
Тэрээр дурдсанаар, өнөөгийн нийгэмд хүмүүсийн дотно харилцааны тоо дунджаар гурав хүрэхгүй байгаа бол нийтлэг харилцааны хэрэгцээ нь 15 орчим хүн байдаг аж. Энэ нь хүний үндсэн сэтгэлзүйн хэрэгцээг хангахгүй түвшин гэж үзжээ.
“Виртуал нөхөрлөл” – хандлагын өөрчлөлт
“Мэдээжийн хэрэг, бодит уулзалт, харилцаа илүү чухал. Гэвч бодит нөхцөл байдлыг харахад олон хүн өөрийгөө тусгаарлагдсан мэт мэдэрч байна. Ийм үед хиймэл оюун ухаан нь ‘виртуал хамтрагч’ болж чадна” гэж Цукерберг онцолсон байна.
Түүнчлэн тэрээр олон нийтийн зүгээс ХОУ-тай харилцах талаар урьдчилсан сөрөг ойлголт байгааг хүлээн зөвшөөрсөн ч энэ нь цаг хугацааны явцад өөрчлөгдөнө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.
Технологийн хүлээлт ба ирээдүйн чиг хандлага
Цукербергийн үзэж буйгаар, ХОУ-тай харилцах нь эхэндээ эргэлзээтэй, сэжигтэй санагдаж болох ч технологийн хөгжил урагшлахын хэрээр хүмүүс шинэ харилцааны хэлбэрийг хүлээн зөвшөөрч, үнэ цэнэтэй гэж үзэх болно.
“Өнгөрсөнд шинэ технологи бүрийг эхлээд эргэлзээтэй хүлээж авдаг байсан ч, цаг хугацаа өнгөрөхийн хэрээр тэд бидний амьдралд байнгын орон зай эзэлдэг болсон” гэж тэр тайлбарлалаа.
Хиймэл оюун ухаан их хурдтай хөгжиж байна даа, гайхмаар юм!
Сэтгэл зүйчийг орлоно гэдэг жаахан эргэлзээтэй л сонсогдож байна…