Улаанбаатар хотод өнөөдөр бороо орохгүй, үүлэрхэг байх бол есдүгээр сарын 18-нд цаг агаар эрс сэрүүсэж, хур тунадастай байх төлөвтэй байна. Маргааш нийслэлд өдөртөө 14 хэм орчим дулаан байх бөгөөд бороо орох магадлал 60 хувьтай байна.
Өнөөдөр нийслэлд салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 10-12 хэм, өдөртөө 22-24 хэмийн дулаан байх төлөвтэй байгаа юм.
Төвийн аймгуудаар бороо орж, сэрүүснэ
Есдүгээр сарын 17-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон Орхон-Сэлэнгийн сав газраар бороо орох бол 18-нд төвийн аймгуудын нутгийг хамрах төлөвтэй байна. Үүнтэй зэрэгцэн ихэнх нутгаар агаарын температур буурч, сэрүүсэхийг цаг уурын байгууллагаас мэдээлжээ.
Өнөө шөнө Архангай, Булган, Төв аймгийн ихэнх сум, Сэлэнгийн зарим хэсэг, Хөвсгөл, Өвөрхангай, Хэнтийн хойд нутгаар бороо орно. Харин 18-ны өдөр Булган, Төв, Хэнтийн ихэнх сум болон Завхан, Хөвсгөл, Архангай, Сэлэнгэ, Дорноговь, Сүхбаатар, Дорнодын зарим нутгаар 0.0-18.0 мм хур тунадас орох төлөвтэй байна.
Амралтын өдрүүдэд нийслэлд дулаарна
Улаанбаатарын ойрын өдрүүдийн төлөвөөр борооны дараа температур аажмаар нэмэгдэхээр байна.
- Есдүгээр сарын 18 — шөнөдөө 8 хэм, өдөртөө 14 хэм, бороотой
- Есдүгээр сарын 19 — шөнөдөө 4 хэм, өдөртөө 17 хэм
- Есдүгээр сарын 20 — шөнөдөө 5 хэм, өдөртөө 20 хэм
- Есдүгээр сарын 21 — шөнөдөө 7 хэм, өдөртөө 21 хэм
Есдүгээр сарын 19-нөөс хур тунадасны хэмжээ багасаж, нийслэлд үүл багасах төлөвтэй байна. Харин салхи секундэд 5-7 метр орчим байх төлөв ажиглагдаж байна.
Зарим нутгаар шөнөдөө хасах хэмд хүрнэ
18-наас хойш ихэнх нутгаар сэрүүсэж, Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эх болон Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 хэм хүйтэн байх төлөвтэй байна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр температур 3 хэмийн дулаанаас 2 хэмийн хүйтний хооронд хэлбэлзэнэ.
Говийн бүсийн өмнөд хэсэг болон Их нууруудын хотгорт шөнөдөө 10-15 хэм, бусад нутгаар 3-8 хэм дулаан байх төлөвтэй байна. Өдөртөө уулархаг нутгуудаар 11-16 хэм, говь болон Дарьгангын талд 22-27 хэм, бусад нутгаар 16-21 хэмийн дулаан байх аж.
Салхи есдүгээр сарын 18-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэх бол 19-21-нд тал хээрийн зарим хэсгээр секундэд 12-14 метр хүрэх төлөвтэй байна.
