БНСУ-ын дуучин, реппер CL хөгжмийн продюсер Teddy-гийн үүсгэн байгуулсан “TheBlackLabel” агентлагтай албан ёсоор гэрээ байгуулжээ. Тэрбээр шинэ агентлагт нэгдсэнээ зарлахын зэрэгцээ энэ сард бие даасан шинэ уран бүтээлээ танилцуулахаар болсноо мэдэгдсэн байна.
Дуучин арваннэгдүгээр сарын 16-нд шинэ синглээ “Iconic” хэмээн нэрлэснээ зарлажээ. Уг бүтээл арваннэгдүгээр сарын 20-нд БНСУ-ын цагаар 18:00 цагт цацагдах юм. “TheBlackLabel” агентлагийн мэдээлснээр, шинэ уран бүтээлийн бэлтгэл ажил үргэлжилж байна.
“2NE1” хамтлагийн ахлагч асан CL өмнө нь продюсер Teddy-тэй хамтран олон хит дуу бүтээж байсан түүхтэй. Ийнхүү нэг агентлагт ажиллах болсноор тэдний уран бүтээлийн хамтын ажиллагаа дахин үргэлжлэх боломж бүрджээ.
Өвөрмөц хэв маяг, эрч хүчтэй тайзны үзүүлбэрээрээ олон улсад танигдсан CL хамтлагийн болон бие даасан уран бүтээлээрээ K-pop хөгжмийг дэлхийн зах зээлд таниулахад хувь нэмэр оруулсан уран бүтээлчдийн нэг юм.
