“Галактикийн хамгаалагчид” (Guardians of the Galaxy) болон “Юрийн галавын ертөнц” (Jurassic World) кинонуудаараа алдаршсан Америкийн нэрт жүжигчин Крис Пратт анхны киноныхоо дүрийг хэрхэн авч, жүжигчний замналаа хэрхэн эхлүүлсэн түүхээ дэлгэлээ. Тэрээр анхны дүрээ авахаас өмнө Хавайн арлуудад хуучин фургон машинд амьдарч, далайн хоолны ресторанд зөөгч хийдэг, түрүүвчиндээ ердөө 60 ам.доллартай нэгэн байжээ. Харин жүжигчин Рэй Дон Чонгтой тохиолдлоор уулзсан нь түүний өмнө Холливудын үүд хаалгыг нээж өгсөн байна. Энэ тухай “Fox News” суваг мэдээллээ.
Праттын хуваалцсанаар тэрээр Хавай дахь “Bubba Gump Shrimp Company” ресторанд ажиллаж байхдаа зочдын дундаас жүжигчин Рэй Дон Чонгийг анзаарч, зориглон очиж яриа өдсөн байна.
«Би түүний ширээ рүү дөхөж очоод: “Хөөе, та чинь кино од байна шүү дээ! Та энд юу хийж яваа юм бэ?” гэж хэлсэн. Тэр надаас жүжиглэж чадах эсэхийг асуухад би: “Тэгэлгүй яах вэ! Намайг кинондоо тоглуулаач!” гэж хариулсан» хэмээн Пратт дурсжээ.
Тухайн үед түүнд өөрийн гэсэн гар утас ч байгаагүй тул жүжигчин бүсгүйд найз Майкийнхаа дугаарыг өгч үлдээсэн аж. Хэдхэн хоногийн дараа Чонг залгаж, түүнд кино зохиол унших санал тавьжээ.
«Би зохиолыг нь авч ирээд найз Майкийнхаа гэрт 120 хуудсыг дараалан гурван удаа уншсан. Энэ нь миний амьдралдаа уншсан анхны кино зохиол байлаа. Миний дүрийн нэрийг Девон гэдэг байсан бөгөөд би: “Гайхалтай! Би Девоны дүрийг яг тоглож чадна!” гэж бодож байснаа тод санадаг» гэж жүжигчин ярьсан байна.
Сонгон шалгаруулалтын дараа Чонг түүнд дүрийг нь өгчээ. Гэвч зураг авалт Лос-Анжелес хотод болох байсан бөгөөд Праттад ердөө 60 доллар, нэг цүнх хувцас, дугуйт тэшүүрээс өөр хөрөнгө байсангүй. Улмаар жүжигчин эмэгтэй түүний нислэгийн зардлыг дааснаар Пратт анхны бүтээл болох “Cursed Part 3” нэртэй инээдмийн аймшгийн бага төсөвт кинонд тоглосон байна.
«Далайн хоолны ресторанд ажиллаж байсан энгийн нэгэн залууд итгэсэн Рэйд би үргэлж талархаж явах болно. Хүн бүр ямар нэгэн зүйлээс л гараагаа эхэлдэг, миний хувьд бүх зүйл яг ингэж эхэлсэн» гэж Пратт нэмж онцоллоо.
Үүний дараа Крис Пратт алдарт “Парк ба амралтын хүрээлэн” (Parks and Recreation) цувралын Энди Двайерын дүрийг бүтээж олны танил болсон билээ. Улмаар “Marvel”-ийн “Галактикийн хамгаалагчид” цувралын Оддын Лорд (Star-Lord)-ын дүрийг амжилттай бүтээж, дэлхийн хэмжээний супер од болсноос гадна “Юрийн галавын ертөнц”, “Зорчигчид” (Passengers), “Маргаашийн дайн” (The Tomorrow War) зэрэг блокбастеруудад гол дүр бүтээсэн юм.
Жүжигчин эр өмнө нь өгсөн ярилцлагадаа “Галактикийн хамгаалагчид” киноны найруулагч Жеймс Ганн түүний замналд асар том эргэлт хийснийг дурдаад: «Тэр намайг цоо шинэ түвшинд гаргасан бөгөөд кино салбарынхан намайг харах өнцөг бүрмөсөн өөрчлөгдсөн. Би дахиж сонгон шалгаруулалтад орох шаардлагагүй болсон. Тэр бол миний амьдралын хамгийн сүүлчийн шалгаруулалт байсан тул Ганн миний амьдралыг үндсээр нь өөрчилсөн» хэмээн мэдэгдэж байв.
