АНУ-ын Сенатын Мөрдөн шалгах байнгын дэд хорооны (PSI) тэргүүлэх Ардчилсан намын гишүүн Ричард Блументаль санхүүгийн боломжит зөрчил болон ашиг сонирхлын зөрчлийг шалгах ажлын хүрээнд “Binance” бирж, “Tether” компани болон Ерөнхийлөгч Дональд Трамптай холбоотой криптовалютын төслүүдээс холбогдох баримт бичгүүдийг гарган өгөхийг шаардлаа.
Шаардлагад дурдсан баримтуудыг 2027 оны 1 дүгээр сарын 4-ний дотор ирүүлэх үүрэг хүлээлгэсэн бөгөөд шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд албадан гаргуулах арга хэмжээ авахаа сенаторууд анхааруулсан байна.
Хүсэлт илгээсэн байгууллагуудын дунд Ерөнхийлөгчийн гэр бүлтэй шууд холбоотой “World Liberty Financial” (WLFI) болон “Fight Fight Fight LLC” компаниуд багтжээ. Сенатор Блументаль эдгээр компаниудын үйл ажиллагааг 2025 оны тавдугаар сараас эхлэн шалгаж эхэлсэн бөгөөд тэд АНУ-д холбооны эрүүгийн хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж буй гадаадын иргэдтэй гүйлгээ хийсэн, гадаад улсын засгийн газруудаас хөрөнгө оруулалт татсан болон төрийн албаны ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн байж болзошгүй гэх үндэслэлээр шалгаж байгаа юм.
Үүний зэрэгцээ дэлхийн хамгийн том крипто бирж “Binance” болон зах зээлийн хамгийн том тогтвортой коин болох USDT-ийг гаргагч “Tether” компанийг олон улсын хориг арга хэмжээг тойрч гарсан эсэх, Трампын засаг захиргаатай сэжиг бүхий хэлцэл байгуулсан эсэх чиглэлээр шалгаж байна. Үүнээс өмнө бүлэг сенаторууд Ерөнхийлөгч Трамп “Binance”-ийг үүсгэн байгуулагч Чанпэн Жаод өршөөл үзүүлсэн нөхцөл байдлыг шалгах шаардлага тавьж байсан юм.
2026 оны 7 дугаар сард Блументаль Трампын гэр бүлийн крипто бизнесийн асуудлаар нээлттэй сонсгол явуулж байв. Сонсголын үеэр “TRUMP” нэртэй мемкойнд хөрөнгө оруулагчид асар их хэмжээний алдагдал хүлээж байхад Ерөнхийлөгч өөрөө холбоотой төслүүдээсээ 1.4 тэрбум гаруй ам.долларын орлого олсон асуудлыг хөндөн хэлэлцсэн байна. Түүнчлэн Трампын албан ёсны санхүүгийн хөрөнгө орлогын мэдүүлгээс үзвэл түүнийг Цагаан ордонд эргэн ирснээс хойших эхний нэг жилийн хугацаанд гэр бүлийнх нь эдгээр төслүүд 1 тэрбум гаруй ам.долларын орлого төвлөрүүлжээ.
