Их Британийн домогт “The Beatles” рок хамтлагийг үүсгэн байгуулагчдын нэг Пол Маккартнигийн хөрөнгийн хэмжээ нэг тэрбум ам.долларыг давж, дэлхийн хамгийн чинээлэг гурван хөгжимчний эгнээнд албан ёсоор багтлаа. Энэ тухай “Forbes” сэтгүүл мэдээллээ.
Тус сэтгүүлийн мэдээлснээр Маккартнигийн орлогын гол цөм нь түүний хувийн хэвлэлийн компани болох “MPL Communications” юм. Тэрээр уг компаниараа дамжуулан өөрийн бүтээлүүдийн зохиогчийн эрхийн төлбөрийн дийлэнх хувийг шууд хүртдэг байна. Үүнээс гадна хөгжимчин өөр бусад уран бүтээлчдийн дууны эрхийг худалдан авч, түүгээрээ тогтмол ашиг олдог аж.
Түүнчлэн Маккартни 1968 онд “The Beatles” хамтлагийн гишүүдийн үүсгэн байгуулсан “Apple Corps” мультимедиа корпорацын 25 хувийг эзэмшдэг бөгөөд өдгөө түүний нийт хөрөнгө ойролцоогоор 1.4 тэрбум ам.долларт хүрээд байна.
Дэлхийн хамгийн баян хөгжимчний байр суурийг 2.8 тэрбум гаруй ам.долларын хөрөнгөөр Америкийн реппер, бизнесмэн Jay-Z тэргүүлсэн хэвээр байгаа бол хоёрдугаар байрт 2 тэрбум ам.долларын хөрөнгөтэй дуучин Тейлор Свифт бичигдэж байна.
