Монгол бөхөнг хамгаалах олон жилийн ажлын үр дүнд тоо толгой нь өсөж, өмнө нь тархаж байсан нутагтаа байгалийн жамаар эргэн суурьших болсон байна. 2025 оны судалгаагаар монгол бөхөнгийн тоо 28,800 гаруйд хүрсэн бол Хяргас нуурын хөндий дэх тоо толгой 1,659 болж нэмэгджээ.
Мянга гаруйхан бөхөн үлдэж байсан үе
Байгаль, нийгмийн олон хүчин зүйлийн нөлөөгөөр монгол бөхөнгийн тоо огцом буурч, тархац нутаг нь хумигдсан түүхтэй. 1981 оны судалгаагаар Шаргын говьд мянга гаруйхан бөхөн үлдэж, бусад нутагт устсан нь энэ амьтныг мөхлийн ирмэгт хүргэж байв.
Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар 1997 оноос монгол бөхөнг хамгаалах ажлыг холбогдох талуудтай хамтран тасралтгүй хэрэгжүүлж эхэлжээ. Гэсэн ч 1998 оны судалгаагаар нийт тоо толгой нь ердөө 3,000 орчим байв.
Хамгааллын цогц арга хэмжээ хэрэгжүүлжээ
Өнгөрсөн хугацаанд бөхөн хамгаалах хууль эрх зүйн орчныг сайжруулж, тархац нутгийн зарим хэсгийг орон нутгийн болон улсын тусгай хамгаалалтад хамруулсан байна. Мөн бөхөн хамгаалагчдаас бүрдсэн хууль бус агнууртай тэмцэх сүлжээ байгуулж, хяналт шалгалтыг тогтмолжуулснаар хууль бус агнуурыг таслан зогсоох нөхцөл бүрдсэн гэж Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар мэдээлжээ.
Үүний зэрэгцээ нутгийн иргэдэд монгол бөхөнгийн үнэ цэнэ, хамгааллын ач холбогдлыг ойлгуулах сургалт, сурталчилгааг олон жилийн турш зохион байгуулсан байна. Ингэснээр иргэдийн мэдлэг, хандлага сайжирч, хамгааллын сурталчилгаанд өөрсдийн санаачилгаар оролцох нь нэмэгджээ.
Бөхөнгийн ундаалдаг булаг, шандны эхийг хашиж хамгаалсан нь амьдрах орчныг сэргээхэд чиглэсэн чухал арга хэмжээний нэг болсон байна.
Хяргас нуурын хөндийд 1,659 бөхөн нутагшжээ
Хамгаалалтын нөхцөл сайжирч, нийт тоо толгой нэмэгдэхийн хэрээр монгол бөхөн олон жилийн дараа түүхэн тархац нутаг болох Хяргас нуурын хөндийд эргэн ирж эхэлсэн байна. Мэргэжилтнүүдийн судалгаагаар тус бүсэд нутагшсан бөхөнгийн тоо 1,659-д хүрчээ.
Энэ тохиолдол нь том биет хөхтөн амьтныг зориудаар сэргээн нутагшуулахгүйгээр, хамгааллын зөв менежмент хэрэгжүүлснээр байгалийн жамаар тархац нутгаа тэлж, тоо толгой нь нэмэгдэх боломжтойг харуулсан жишээ болж байна.
