Японд iPS үүдэл эсээс ургуулсан “зүрхний нөхөөс”-ийг анх удаа клиникийн ердийн эмчилгээний хүрээнд өвчтөнд шилжүүлэн суулгалаа. Энэ талаар Японы Asahi Shimbun сонин мэдээлэв.
50 минут үргэлжилсэн мэс заслыг 9-р сарын 29-нд Осакагийн нэгэн эмнэлэгт хийжээ. Өвчтөн нь Канагава мужийн 50 орчим насны эмэгтэй бөгөөд зүрхний шигдээсийн дараа үүссэн хүнд хэлбэрийн зүрхний дутагдалтай байжээ.
Ийм төрлийн “зүрхний нөхөөс”-ийг өмнө нь хэрэглэж байсан ч зөвхөн эмнэлзүйн судалгааны хүрээнд ашигладаг байв. Тухайлбал, 2020 оны 1-р сард Осакагийн их сургуульд iPS эсээс гарган авсан зүрхний булчингийн эсийн нимгэн давхаргыг өвчтөнд шилжүүлэн суулгаж байжээ.
Asahi Shimbun-ий мэдээлснээр, уг эмчилгээний бүтээгдэхүүнийг RiHEART гэж нэрлэдэг. Энэ нь iPS эсээс ургуулсан зүрхний булчингийн эсүүдээс бүрдсэн нимгэн “нөхөөс” бөгөөд гэмтсэн зүрхний эдийг нөхөн сэргээхэд туслах зорилгоор зүрхний гадаргуу дээр байрлуулдаг.
“RiHEART нь ишемийн кардиомиопатийн хүнд хэлбэртэй өвчтөнүүдэд зориулагдсан. Эсийн ‘нөхөөс’-ийг зүрхний гадаргуу дээр шууд байрлуулна. Ингэснээр шинэ судас үүсэхийг дэмжиж, зүрхний булчингийн үйл ажиллагаанд туслах ёстой” гэж нийтлэлд дурджээ.
Ишемийн кардиомиопати гэдэг нь зүрхний булчинд очих цус, хүчилтөрөгчийн хэмжээ хангалтгүй болсноос үүдэн булчин сулардаг эмгэг юм. Энэ нь ихэвчлэн зүрхний шигдээсийн дараа эсвэл титэм судас гэмтсэн үед үүсдэг.
