Дэлхийн хамгийн чанга дуутай шувууны цолонд өрсөлдөх хоёр шинэ зүйл тодорчээ. АНУ-ын Массачусетсийн их сургуулийн Амхерст дахь судлаачид нүцгэн хоолойт хонхот шувуу болон улаан хөлт сериема 120 децибелээс давсан хүчтэй дуу гаргадаг болохыг тогтоосон байна. Энэ талаар CNN мэдээлэв.
“Өдөр тутмын амьдрал дахь хамгийн ойролцоо жишээ нь замын өрөм байх болов уу” гэж судалгааны хамтран зохиогч, хувьслын биологич Жоао Менезес хэлжээ. Тэрээр докторын судалгааныхаа хүрээнд өөрийн хуучин багш, биологийн профессор Жефф Подостой хамтран уг ажлыг хийсэн байна.
Эдгээр хоёр шувууны чанга дуу 2019 онд 125 децибел хүртэлх хүчтэй, нэвт шувт хашхиралт гаргадаг нь тогтоогдож, хамгийн чанга дуулдаг шувуугаар Гиннесийн амжилтын номд бүртгэгдсэн цагаан хонхот шувуутай өрсөлдөхүйц аж. Нүцгэн хоолойт хонхот шувуу нь цагаан хонхот шувууны ойрын төрөл учраас судлаачид энэ зүйл өндөр үзүүлэлттэй гарна гэж урьдчилан таамаглаж байжээ.

Судалгаагаар нүцгэн хоолойт хонхот шувууны дууг стандартчилсан 1 м зайнаас, 20 миллисекундын дунджаар хэмжихэд 122.4 децибел байжээ. Энэ нь судалгаанд бүртгэгдсэн хамгийн нам дуутай зүйл болох бараан хоолойт даяанч колибрийн 64.1 децибелийн дуунаас дууны даралтаар 800 дахин хүчтэй үзүүлэлт юм.
“Дэлхийн хамгийн чанга дуутай шувууг нэрлэх нь ‘чанга’ гэдгийг хэрхэн тодорхойлж байгаагаас хамаарна. Энэ нь дууны хүчийг хэмжихэд ямар төвөгтэй байдгийг харуулж байна” гэж Шотландын Абердиний их сургуулийн салбар дундын судлаач, хувьслын биологич Кэтрин Ширд ярьжээ.
Судлаачид 2018 оны 12-р сараас 2025 оны 1-р сарын хооронд Массачусетс болон Бразилд 123 зүйлийн шувууны дуу авиаг хэмжсэний дараа хамгийн чанга зүйлсийг тодруулсан байна. Их сургуулийн мэдээлснээр, эдгээрээс 113 зүйлийн дууг өмнө нь огт хэмжиж байгаагүй аж.

Шувууны дууны хүчийг бүртгэсэн судалгаа харьцангуй цөөн байдаг нь хээрийн нөхцөлд хэмжилт хийхэд хүндрэлтэй холбоотой. Жишээлбэл, шувууны дуу хэр чанга байгааг зөв тогтоохын тулд тухайн шувуу хэмжилтийн үед яг ямар зайд байсныг мэдэх шаардлагатай. Учир нь зай дууны хүчний хэмжилтэд шууд нөлөөлдөг.
Менезесийн хэлснээр, шувууны дууг сонсож байгаа ч өөрийг нь харахгүй байх тохиолдол элбэг. Харин олж хармагц шувуу нисээд явах эсвэл “ичимхий зангаасаа болж бүрмөсөн дуугарахаа болих” боломжтой.
Гэхдээ энэ удаагийн судалгаанд лазер зай хэмжигч ашигласан нь томоохон давуу тал болжээ. Гольфчид нүх хүртэлх зайг хэмжихэд ашигладаг ийм төхөөрөмжийн тусламжтайгаар судлаачид шувууны дууны хүч болон зайг нэгэн зэрэг хэмжиж чадсан байна.
Орчны дуу чимээ болон зайны нөлөөг засварласны дараа судлаачид дууны үзүүлэлтүүдийг хооронд нь харьцуулж, шувуудын биеийн хэмжээ болон ангайсан хошууны өргөнтэй нь тулган шинжилжээ.
Үр дүнд нь биеэр том, хошуугаа илүү өргөн ангайдаг шувууд ерөнхийдөө илүү чанга дуулдаг болохыг тогтоосон байна.
Судлаачдын үзэж байгаагаар, том биетэй шувууд илүү хүчирхэг булчинтай тул бие доторх даралтыг ихээр үүсгэж, улмаар илүү чанга дуу гаргах боломжтой. Харин өргөн ангайсан хошуу нь илүү их дууны энергийг орчинд цацах нөхцөл бүрдүүлдэг аж.
Гэсэн хэдий ч зарим шувуу яагаад бусдаасаа илүү чанга дуу гаргадаг болсныг тодорхойлсон экологийн болон хувьслын хүчин зүйлсийг эрдэмтэд одоогоор нэг мөр тогтоож чадаагүй байна.
