Гэмтэл согог судлалын үндэсний төв (ГССҮТ)-д хүүхдийн өвчлөл, хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэх, оношлох болон эмчлэхэд нэн шаардлагатай дэвшилтэт тоног төхөөрөмжүүдийг хүлээлгэн өглөө. Хүүхдийн төлөө сангийн хөрөнгө оруулалтаар “Мэдрэлийн мэс заслын навигацийн систем” болон “Нойрны гүн хэмжих мониторын систем”-ийг худалдан авч, эмнэлгийн тусламж үйлчилгээнд нэвтрүүлээд байна.
Дээрх шинэ тоног төхөөрөмжүүдийг эмнэлгийн практикт нэвтрүүлснээр хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд дараах бодит ахиц дэвшлүүд гарч байна. Үүнд:
- Өвдөлт ба булчингийн чангарлыг эмчлэх: Хүүхдийн архаг болон хүчтэй өвдөлт, хавдрын шалтгаант өвдөлт, мөн тархи, нугасны гэмтэл, төрөлхийн болон даралттай эмгэгээс үүдэлтэй булчингийн чангаралтыг удирдах, эмчлэх боломжтой болов.
- Нойрны оношилгоо ба эмчилгээ: Нойрны гүн болон чанарыг нарийн тодорхойлж, нойрны эмгэгийг эрт үед нь илрүүлэн оновчтой эмчилгээг нарийн төлөвлөх нөхцөл бүрдлээ.
Хүүхдийн төлөө сангийн санхүүжилт
Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн холбогдох заалт болон Хүүхдийн Төлөө Үндэсний зөвлөлийн тогтоолын дагуу оношилгоо, эмчилгээнд нэн шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авах сонгон шалгаруулалтыг хууль журмын дагуу зохион байгуулжээ.
Хүүхдийн төлөө сангийн хөрөнгийг хүүхдэд зориулсан барилга байгууламж барих, өргөтгөх, шинэчлэх болон нэн шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах чиглэлд тусгайлсан хууль тогтоомжийн дагуу зарцуулж байгаа юм.
