“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулах, ногоон хөгжлийг дэмжих зорилготой “Алтан намар–Мод тарих улирал” нөлөөллийн аян улс орон даяар өрнөж байна. Есдүгээр сарын 20-ноос аравдугаар сарын 31-нийг хүртэл үргэлжлэх тус аяны намрын бүх нийтийн мод тарих өдрүүдийн нээлтийг есдүгээр сарын 27-нд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгууллаа.
Мод тарих хамгийн тохиромжтой хугацаа ба уур амьсгалын нөхцөл
Мэргэжилтнүүдийн онцолж буйгаар намрын улиралд есдүгээр сарын 20-ноос аравдугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаа нь мод тарьж, ургуулахад хамгийн тохиромжтой үе байдаг.
Статистик тоо баримтаас харахад сүүлийн 80 гаруй жилд дэлхийн дундаж температур 1.1°C-аас 1.2°C-аар нэмэгдсэн бол Монгол орны дундаж температур 2.25°C-аас 2.46°C хүртэл өсжээ. Энэ нь манай орон дэлхийн дунджаас 2-3 дахин хурдан дулаарч байгааг харуулж байгаа бөгөөд дулааны улирлын хур тунадас 7-8 хувиар буурсан нь мод тарьж, хамгаалах шаардлагыг улам хурцатгаж байна.
“Тэрбум мод” хөдөлгөөний үр дүн ба аяны зорилго
Үндэсний хөдөлгөөн өрнөснөөс хойш улсын хэмжээнд нийт 140.4 сая орчим мод тарьж ургуулснаар манай орны ойрхог чанарын эзлэх хувь 7.9 хувиас 8.71 хувь болж өссөн эерэг үзүүлэлттэй байна.
“Алтан намар–Мод тарих улирал” аяны хүрээнд иргэд болон албан байгууллагуудыг зөвхөн мод тарихаас гадна тарьсан бут, сөөг, модоо арчлан хамгаалж, байгаль орчинд ээлтэй зөв дадал хэвшлийг бүрдүүлэхийг уриалж байгаа юм.
