Өнгөрсөн оны сүүлчээр үерхлээ олон нийтэд зарлаж, улмаар хоёрдугаар сард гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлсэн Өмнөд Солонгосын жүжигчин Пён Ё Хан болон “Girls’ Generation” хамтлагийн гишүүн Тиффани нар гэр бүл болоод удаагүй байгаа билээ. Жүжигчин залуу хуримласнаасаа хойш анх удаа хэвлэлд ярилцлага өгөхдөө амьдралынхаа шинэ хуудасны талаар сэтгэгдлээ хуваалцаж, эхнэрээ гэх хайр, хүндэтгэлээ илэрхийлсэн байна. Тэрээр өөрийгөө “Тиффанигийн нөхөр” гэгдэхэд хамгийн тухтай байдгаа онцолж, гэр бүлийн амьдрал нь ажилдаа хэт анхаардаг байсан занг нь зөөллөж, гэртээ харих тухтай мэдрэмжийг өгдөг болсныг дурджээ.
Мөн тэрээр “Tazza 4” кинонд жүжигчин Миёши Аякатай хамтран эротик хэсгүүдэд тоглоход эхнэр нь хэрхэн хүлээж авсан талаарх асуултад нээлттэй хариулсан юм. Пён Ё Ханы тайлбарласнаар, Тиффани нь урлагийн салбарт олон жил ажилласан туршлагатай тул жүжигчний мэргэжлийн онцлог, дүрдээ бэлдэх хөдөлмөрийг маш сайн ойлгож, уг хэсгийг бодитой бөгөөд мэргэжлийн нүдээр хүлээж авсан байна. Тэрээр хайртай хүнээ хамгаалах нь гэр бүлийн хамгийн чухал хариуцлага хэмээн онцолж, харилцан итгэлцэл дээр тогтсон тэдний харилцаа амьдралын хүнд хэцүүг туулахад том нөмөр болж байгааг ярьжээ.
