Японы Төв банк инфляцын өсөлтийг сааруулах болон үндэсний валютын сулралыг хазаарлах зорилгоор бодлогын хүүгээ 1.0 хувиас 1.25 хувь болгон нэмэгдүүлэх шийдвэрийг 2026 оны есдүгээр сарын 18-ны өдөр гаргалаа. Энэхүү үзүүлэлт нь 1995 оноос хойш буюу сүүлийн 31 жилийн хугацаанд ажиглагдаагүй өндөр түвшинд тооцогдож байна. Хэдийгээр чангарч буй мэт боловч шинжээчдийн тооцоолдог эдийн засгийн өсөлтийг дэмжих чгүй, хязгаарлах чгүй “саармаг” бүс болох 1.1-ээс 2.5 хувийн интервалд хэвээр үлдэж байгаа юм.
Тус шийдвэрт АНУ-ын Холбооны нөөцийн сан гурван жилийн хугацаанд анх удаа хүүгээ нэмэгдүүлсэн явдал шууд нөлөөлжээ. АНУ болон Японы бодлогын хүүгийн зөрүү холдохын хэрээр хөрөнгө оруулагчид хямд иенээр зээл авч, өндөр өгөөжтэй ам.долларын хөрөнгө оруулалт руу хөрвүүлдэг “carry trade” арилжаа идэвхждэг. Японы Төв банк олон арван жилийн турш хүүгээ тэг болон хасах түвшинд барьж ирсэн нь иений ханшийг түүхэн доод цэгт нь хүргэж сулруулсан бөгөөд энэхүү дарамтыг бууруулахын тулд Төв банк бодлогын чангаруулалт хийхээс өөр сонголтгүйд хүрчээ.
