Улаанбаатар хотын ногоон бүсээс суурьшлын бүс рүү зэрлэг баавгай нэвтрэх тохиолдол эрс нэмэгдэж, өнгөрсөн наймдугаар сараас хойш иргэдээс нийт долоон удаагийн дуудлага бүртгэгджээ. Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны Баянгийн эх болон Богдхан уулын амнуудад баавгай үзэгдсэн мэдээллийн дагуу Нийслэлийн Байгаль орчны газраас ажиллагаа явуулж, хоёр баавгайг аюулгүй болгон барьж, Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг буюу хотоос 180 гаруй километрийн зайд байгальд нь эргүүлэн тавьсан байна.
Нийслэлийн Байгаль орчны газрын Амьтан, ургамлын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Баньдын тайлбарласнаар, ШУА-ийн Биологийн хүрээлэнгээс хийсэн автомат камерын судалгаагаар Сэлбэ болон Улиастайн голын эхэнд баавгай нутаглаж буй нь өмнө нь баталгаажжээ. Баавгай нь 25-30 километрийн цаанаас хоол тэжээлийн үнэрийг мэдрэх чадвартай тул айл өрхүүд малын сэг зэмээ нэн даруй залуулах, аялагчид болон жимсчид хог хаягдлаа сайтар битүүмжлэх шаардлагатай. Түүнчлэн амьтад аравдугаар сарын дундаас арваннэгдүгээр сарын эхэн үе хүртэл ичээндээ ордог тул энэ хугацаанд ой тайгаар зорчихгүй байхыг анхааруулж байна.
Одоогоор нийслэлд мэргэжлийн 2-3 хүнтэй тусгай баг байнга ажиллаж, суурьшлын бүсэд орж ирсэн амьтдыг хөөж зайлуулах арга хэмжээг авч байна. Иймд иргэд ногоон бүс болон хашаа, сууцныхаа ойролцоо баавгай харсан даруйд Нийслэлийн Байгаль орчны газрын 7272-0303 болон Шуурхай удирдлага зохицуулалтын төвийн 1131-0005 дугаарт яаралтай залгаж мэдэгдэх ёстой.
